Эрүүл мэнд, спортын шилдгүүдэд хүндэтгэл үзүүлэв

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНД
boloroo8136@gmail.com
2015-12-29 12:12:31

Монгол Улсын Шадар сайд, Эрүүл мэнд, спортын сайдын үүрэг гүйцэтгэгч Ц.Оюунбаатар, ЭМСЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга  С.Ламбаа нар төрийн дээд цол, одон, медаль хүртсэн зарим хүмүүсийг хүлээн авч уулзав.

Тэд Эрүүл мэнд,спортын салбарт олон жил үр бүтээлтэй ажилласан шилдгүүдэд хүндэтгэл үзүүлэн баяр хүргэж, яамны “Хүндэт дэвтэр”-т бичиж салбарын түүхэндээ тэмдэглэн алдаршуулсан юм. 

Монгол Улсын Хүний гавьяат эмч цолоор Баянзүрх дүүргийн Эмнэлгийн хүүхдийн эрчимт эмчилгээ, сэхээн амьдруулах тасгийн их эмч З.Оюунханд, Нэгдүгээр эмнэлгийн мэс заслын тасгийн эрхлэгч О.Сэргэлэн, Сэлэнгэ аймгийн Нэгдсэн эмнэлгийн хүүхдийн тасгийн эрхлэгч Г.Тунгалаг, Ховд аймгийн Мөст сумын сум дундын эмнэлгийн хүүхдийн их эмч Д.Бямбахүү нарыг тус тус шагнажээ.

Монгол Улсын Гавьяат дасгалжуулагч цолоор Монголын авто мото спортын холбооны дасгалжуулагч, БХТН-ийн техникийн спортын төвийн ахлах дасгалжуулагч Ш.Эрдэнэбилэг, Хасу-мегават  ХХК-ийн Мега-старс клубын дасгалжуулагч Ц.Баярсайхан,  Монголын оюутны спортын холбооны ерөнхий нарийн бичгийн дарга Д.Жаргалсайхан нар тус тус энгэрээ мялаасан юм.

Монгол Улсын Гавьяат тамирчин цолоор Чөлөөт бөхийн үндэсний шигшээ багийн тамирчин Э.Бэхбаяр, П.Өнөрбат, Жудо бөхийн үндэсний шигшээ багийн тамирчин Ц.Мөнхзаяа, Д.Сумъяа нарыг тус тус шагнасан  байна.

Ийнхүү эрүүл мэнд, спортын салбарын шилдгүүд хөдөлмөр, зүтгэлээ үнэлүүллээ.

Ж.Болор

Холбоотой мэдээ