Цас орж, явган шуурга шуурна

МОНГОЛЫН МЭДЭЭ
gantuya@montsame.mn
2016-01-05 09:49:23

Нэгдүгээр сарын 6-наас 10-ныг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээгээр ихэнх нутгаар бага зэргийн цас орж, явган шуурга шуурах төлөвтэй байна. 

Энэ сарын 6, 7-нд баруун зүгийн нутгийн зарим газар, зүүн зүгийн нутгийн зүүн хэсгээр, 8-нд Хангайн уулсаар, 9-нд говийн нутгийн зарим газраар бага зэргийн цас орж, явган шуурга шуурна. Ихэнх хугацаанд Дархадын хотгор, Идэр, Тэс, Отгон голын хөндийгөөр шөнөдөө 42-47 градус, өдөртөө 30-35 градус, Увс нуурын хотгор болон Хэнтэйн уулархаг нутаг, Орхон-Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын сав, Дарьгангын талаар шөнөдөө 32-37 градус, өдөртөө 22-27 градус, говийн бүс нутгийн баруун хэсгээр шөнөдөө 18-23 градус, өдөртөө 9-14 градус, бусад нутгаар шөнөдөө 26-31 градус, өдөртөө 13-18 градус хүйтэрнэ. 

Өнөөдрийн байдлаар Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумаас Эрдэнэцагаан, Дарьганга сумын чиглэлд цас их орсон, замын нөхцөл хүндэрсэн, цасан шуургатай байгаа гэсэн мэдээг Авто тээврийн үндэсний төвөөс өглөө. Мөн нийт нутгаар цас орж шуурах тул орон нутгийг зорих иргэд дулаан хувцаслах, жолооч нар замын нөхцлийг зөв тооцолж, тохирох хурдыг сонгож хөдөлгөөний аюулгүй байдлыг хангуулж зорчихыг анхааруулж байна.

Н.Туяа

 

 

Холбоотой мэдээ