Японы Засгийн газар яаралтай хуралдана

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
jargal@montsame.mn
2016-01-06 14:42:39

ТОКИО. /TASS/. Умард Солонгос лхагва гарагт устөрөгчийн бөмбөг амжилттай туршсаны дараа цацрагийн түвшний болзошгүй өөрчлөлтөд хариу арга хэмжээ авах асуудлаар Японы Засгийн газар яаралтай хуралдана. Тус улсын Ерөнхий сайд Шинзо Абэгийн тамгын газраас мэдээлснээр, засгийн газрын хуралдааны үеэр цацрагийн түвшнийг хянан шалгах чангатгасан арга хэмжээний төлөвлөгөөг батлахаар төлөвлөж байгаа аж.

Одоогийн байдлаар Японд цацрагийн түвшин өөрчлөгдөөгүй байна гэж тус улсын Байгаль орчны яам урьд нь мэдээлжээ. Тус яамнаас мэдээлснээр, Умард Солонгост цөмийн туршилт явуулсны дараа “агаар дахь бодисын агууламжид ямар нэг өөрчлөлт гараагүй” байна.

Устөрөгчийн бөмбөг амжилттай туршсанаа Умард Солонгос өнөөдөр мэдэгдсэн билээ. Солонгосын төв цахилгаан мэдээний агентлагийн сувгаар уламжилсан Умард Солонгосын Засгийн газрын мэдэгдэлд дурдсанаар, туршилт "экологийн байдалд сөргөөр нөлөөлөөгүй байна". 

Д.Жаргал

 

Холбоотой мэдээ