С.Ганбаатар: Би "ХҮН"-ын үүсгэн байгуулагч биш

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
gantuya@montsame.mn
2016-01-06 16:01:34

УИХ-ын гишүүн С.Ганбаатар Хөдөлмөрийн үндэсний нам /ХҮН/-д элссэн талаараа өнөөдөр албан ёсны мэдэгдэл хийв.

Тэрбээр УИХ-д бие даан нэр дэвшиж, Дархан-Уул аймгаас сонгогдон ажиллаж байсан. Харин өнгөрөгч 2015 оны төгсгөлд тэрбээр ХҮН-д элсэж, намын батлахаа гардаж авсан юм. С.Ганбаатар энэ шийдвэрийнхээ талаар “Миний бие өнгөрсөн 11 жил ард иргэдийн сайн сайхны төлөө зүтгэлээ. Өнгөрсөн 25 жил бол хүнд цаг үеийг Монголд авчирсан. Ирэх 25 жилийг мөн ингэж өнгөрөөмөөргүй байна. Тиймээс би Дархан-Уул аймагтаа ХҮН-д элслээ.

Энэ намд элссэн үндсэн шалтгаан бол байгалийн үндэсний баялгийг шударга хуваарилах, баялагт тулгуурлан ард түмэндээ ажлын байр бий болгох, ядуурлыг бууруулахад ашиглах, шударга нийгмийг бий болгох, Засгийн газрыг цэвэршүүлэхэд оршиж байгаа” гэв.

Хэвлэл мэдээллийн хэрэгслээр С.Ганбаатар гишүүнийг ХҮН-ын үүсгэн байгуулагч, анхнаасаа энэ намын ард байсан хүн гэх мэтээр мэдээлэл гарч байгаа. Харин үүнд С.Ганбаатар “Би хэзээ ч ХҮН-ын гишүүн, үүсгэн байгуулагч байгаагүй. Үүнийг шалгаж, хянаж үзэж болно” гэсэн юм. Үүнээс гадна тэрбээр Сонгуулийн тухай хуулийг бие даан нэр дэвшигчдийг зовоох, боомилох заалт олон орсныг шүүмжлээд энэ талаар Үндсэн хуулийн цэцэд хандахаас өөр аргагүй байдалд хүрсэнийг онцолж байв.

Н.Гантуяа

Гэрэл зургийг Б.Чадраабал 

Холбоотой мэдээ