Шар металлын үнэ 1000-аас доошлох магадлалтай

ТОЙМ
adiyakhuu@montsame.mn
2016-01-07 09:59:56

Үнэ ханшийн зурхай

200 гаруй жилийн өмнө Уильям Хершель гэдэг хүн Нарны идэвхжлийн үйл явцыг ажигласны үндсэн дээр улаан буудайн үнэ хэд байхыг яг таг урьдчилан тооцоолж чадсан гэдэг. Энэ үеэс эхлэн дэлхийн эдийн засгийн хэтийн төлвийг тодорхойлох зорилго бүхий “эдийн засаг, санхүүгийн зурхай” гэгч сонин содон шинжлэх ухаан бий болжээ.

Гэхдээ энэ удаад зурхайд суурилсан таамаг, төсөөлөл дэвшүүлж мухар сүсгийг сурталчлах гэсэнгүй. Эсрэгээр, дэлхийн зонхилох санхүүгийн байгууллагуудын дэвшүүлж буй таамаглалд тулгуурлан дэлхийн улс төр, эдийн засгийн төлөв байдал хийгээд алт, зэс, нүүрс, төмрийн хүдэр, газрын тос зэрэг монголчууд бидний амь амьжиргааг тодорхойлдог гол эрдэс баялгуудын үнэ ханшийн талаарх мэдээллийг цуврал нийтлэлээр хүргэхийг зорилоо.

Манай орны эдийн засаг эмзэг бөгөөд дээрх цөөн тооны түүхий эдийн дэлхийн зах зээлийн үнээс шууд хамааралтайгаар өсч буурдаг. Бидний хувьд энэ үнийг хянах ямар ч бололцоогүй хэдий ч ашигт малтмалын үнийг урьдчилан таамаглах замаар эрсдлийг тодорхой хэмжээгээр бууруулах боломж бий.

Ер нь бол, ашигт малтмалын ирээдүйн үнэ ханшийн төлөв гэдэг бол нэлээд барьцгүй ойлголт юм. Дэлхийн хэвлэл мэдээллийн хэрэгслүүдээр нэртэй шинжээч, судлаачид, эдийн засагчид үнэ ханшийн талаар янз бүрийн таамаг, төсөөлөл дэвшүүлдэг боловч тэдгээр нь яг таг байгаа ононо гэж бараг үгүй, байнга зөрдөг. Хэрвээ үнэхээр урьдаас таагаад хэлчихэж болдог бол дэлхийн эдийн засаг удаа дараа хямралд өртөхгүй байсан болов уу.

Алтны үнэ ханш 2016 онд

Алт хэмээх шидэт шар металл бол хямралын үеийн зэвсэг, цагийн байдал хэцүүдсэн үед ашиглах нөөц хэрэгсэл, эдийн засгийн байдлыг шинжих “халууны шил” билээ. Гэтэл ийм чухал санхүүгийн хэрэгслийн үнэ ханш сүүлийн 4 жилийн туршид тасралтгүй унасаар ирлээ.

Алтыг удаан хугацааны хөрөнгө оруулалт гэж үзэж байсан хүмүүс үнэ нь 800 доллароор унангуут “тогтвортой хөрөнгө оруулалт” биш байжээ гэдгийг мэдэрлээ.

“Алтнаас зугатах” үзэгдэл хөрөнгө оруулагчдын хувьд асар ихээр газар авсан учраас үнэ ханш бараг л ёроолдоо хүртэл унажээ. 2011 оны есдүгээр сард оргилдоо хүрч 1923.7 доллар/унц-д хүрч “халуурч”  байсан алтны үнэ өдгөө 40 гаруй хувиар унаад байна. Гэтэл үнэ нь уналаа гээд Азийн гол худалдан авагчид болох Хятад, Энэтхэг хоёр алтыг төдийлөн их хэмжээгээр нөөцөлж авахгүй байна.

Яг одоо бол хөрөнгө оруулагчдын хувьд нэг унц алт олборлох нь хэдий хэмжээний өртөгтэй байх нь вэ гэдгийг л анхааралтай судалж байна. Тодруулбал, унц алтны үнэ 1200 доллар байх үед уурхайнуудын тал хувь нь алдагдал хүлээнэ гэсэн тооцоо ч бий. Нэгэнт үнэ унаж байгаа учраас алтны уурхайнууд үйлдвэрлэлээ багасгах нь ойлгомжтой, үүний дараа 900 доллар хүртлээ унасан үнэ ханш эргээд дээшлэх магадлал бий.

Уолл Стрийт Жорнэл сэтгүүлийн санал асуулгад оролцсон дэлхийн томоохон 10 банкны шинжээчдий үзэж байгаагаар шар металлын үнэ 2016 онд дунджаар 1114 доллар/унц байх аж.  

Өөрөөр хэлбэл, дундаж өртөг болох 1200 доллар/унц-аас доогуур үнээр худалдаалагдах нь. Алтны үнэ ингэж огцом унасан нь АНУ-ын эдийн засаг сэргэж, хувьцаа болон хөрөнгө оруулалтын бусад хэрэгслүүдийн эрэлт сайжирсантай холбоотой. Тодруулбал, үнэ буурахад нөлөөлж буй гол хүчин зүйл АНУ-ын Холбооны нөөцийн сан сүүлийн 10 жилийн хугацаанд анх удаагаа бодлогын хүүгээ өсгөсөн явдал. Америкийн валютын ханш чангарч байгаа нь доллароор алт худалдан авдаг гадаадынханд үнэтэй тусч байгаа юм.  

Дээр дурдсан шинжээчдийн үзэж байгаагаар бол, 2016 оны 4 дүгээр улирлаас буюу америкчууд бодлогын хүүгээ хэд хэдэн удаа өсгөсний дараа л алтны үнэ бага багаар нэмэгдэж магадгүй байна.

Үнэхээр энэ онд америкчууд бодлогын хүүгээ хэд хэдэн удаа өсгөж тун магадгүй байгаа бөгөөд ингэснээр эдийн засгийн өсөлт нь буурахад хүрэх болно. Үүний улмаас “тоон зөөлрүүлэлт”-ийн бодлогыг дахин хэрэгжүүлэхээс аргагүйд хүрэх бөгөөд энэ үед хөрөнгө оруулагчид алтыг сонирхох нь эрс нэмэгдэх юм.

Алтны үнийн прогнозыг банкны мэдээлэл эсвэл математик анализийн аргаар хийдэг билээ. Эл хоёр арга нь хоорондоо огт өөр боловч аль нь ч алтны үнийг яг таг тодорхойлж чаддаггүйд л хамаг учир оршино. Ингээд дэлхийн санхүүгийн цөөн хэдэн гол байгууллагуудын таамаглалыг сонирхоё. 

Goldman Sachs, JP Morgan

Америкийн хөрөнгө оруулалтын Голдман Сакс, Жей Пи Морган банкуудын шинжээчдийн төсөөллөөр, алтны үнэ 2015 онд хүрсэн дээд хэмжээндээ энэ онд дахин хүрнэ гэсэн магадлал тун бага байна. Тодруулбал, Голдман Сакс-ын таамаглалаар, үнэ дунджаар 1000 доллар дээр тогтох бол Жей Пи Морганы үзэж байгаагаар 1100 орчим доллар байх ажээ. Гэхдээ хөрөнгө оруулагчдын хувьд энэ 2016 онд алт олборлодог компаниудын хувьцааг худалдан авахад бэлэн байх хэрэгтэй гэж дээрх хоёр банкны шинжээчид зөвлөж байна.

HSBC, Commerzbank                                                                                             

Үүний зэрэгцээ нэлээд өөдрөг таамаглал дэвшүүлж буй санхүүгийн байгууллага бол Их Британийн HSBC юм. Тус банкны төсөөллөөр, 2016 оны хувьд дундаж үнэ 1205 доллар байх бол 2017 онд 1300-д хүрч өсөх төлөв харагдаж байна. Үүнд нөлөөлөх хүчин зүйлүүд гэвэл, хөгжиж буй орнуудын зах зээл дээр эрэлт нэмэгдэнэ, еврогийн ханш долларын эсрэг чангарна, биржийн арилжааны сангууд /ETF/ руу орж буй хөрөнгийн урсгал сэргэнэ гэсэн хүлээлтүүд юм. 

Германы Коммерцбанк алтны дундаж үнэ энэ онд 1150 доллар/унц байх болно гэж таамаглажээ. Гэхдээ хөрөнгө оруулалтын сангуудаас / ETF/ хөрөнгө оруулагчид хөрөнгөө татсаар байх болно гэдгийг дээрх банк таамаглажээ. Энэ оны эхний улиралд алтны үнэ улам буурах бөгөөд цаашдаа аажмаар өсөх аж. 

Энэ мэтчилэн томоохон банкуудын прогнозыг уншаад үзэхэд, 2016 оны эхний улиралд алтны үнэ 900 доллар/унц хүртэл буурч, үнийн мөчлөгийн хамгийн доод цэгтээ хүрэх магадлал нэлээд өндөр байна. Харин оны хоёрдугаар хагас болон 2017 оны эхэн хүртэлх хугацаанд шар металлын үнэ сэргэх үйл явц эхэлнэ гэж ихэнх том банкууд үзэж байгаа ажээ...

/Үргэлжлэл бий/ 

Б.Адъяахүү

Холбоотой мэдээ