Тарагт суманд малын цусан халдвар гарлаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨВӨРХАНГАЙ
erdenechimeg@montsame.mn
2016-01-07 10:57:31

Өвөрхангай аймгийн Тарагт сумын “Алтан тал” багийн “Олон дов” гэх газар малын цусан халдварт өвчин гарчээ.

2015 оны 12 сарын 27-нд иргэн Н.Ганбаатарын хоёр сарлагийн тугал үхсэнийг Мал эмнэлгийн лабораторийн шинжилгээгээр цусан халдварт өвчний шинж тэмдэг хэмээн тогтоосон байна.

Уг мэдээллийг сум болон тухайн айл өрхөөс холбогдох албаныханд цаг хугацаанд нь өгөөгүйгээс шуурхай авах арга хэмжээг оройтуулсан хэмээн аймгийн ОБГ-ын дэд дарга Г.Чулуунбаатар хэллээ. Хэрэв энэ нь аюултай өвчин байгаад ийм байдлаар цаг алдсан бол ноцтой байдалд хүргэх байсан гэсэн юм.

Тарагт сумын Засаг даргын А/27 тоот захирамжаар 12 сарын 31-ний өдрөөс эхлэн 14 хоногийн хугацаатай хорио цээрийн дэглэм тогтоож, ариутгал, халдваргүйжүүлэлт, вакцинжуулалтын ажил хийгдсэн байна. Цусан халдвар нь пастереллийн нянгийн үйлчлэл дор мал амьтны эд, эрхтэнд цусархаг болон үжилт үрэвсэл үүсгэдэг халдварт өвчин юм. Цусанд орсон үүсгэгч олширч цусаар тээгдэн элэг, бөөр, дэлүүнд очин үхжлийн голомт үүсгэх бөгөөд малыг 12-36 цагийн дотор үхүүлдэг аж. 

Б.Батчимэг

Холбоотой мэдээ