"Улаанбаатар метро" төслийн гүйцэтгэгчийн хоёрдугаар шатны сонгон шалгаруулалтыг наймдугаар сард зарлана

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
r.erdenechimeg@montsame.gov.mn
2025-07-30 17:45:59

Улаанбаатар, 2025 оны долоодугаар сарын 30 /МОНЦАМЭ/. Улаанбаатар метро төсвийн албаныхан болон төслийн зөвлөх үйлчилгээний “Духуа инженеринг” ХК-иар ахлуулсан түншлэл Баянзүрх дүүргийн 28 дугаар хороонд ажиллав.


Улаанбаатар метро төслийн зүүн талын депог тус хорооны 26.6 га талбайд барихаар төлөвлөж, метроны хөдлөх бүрэлдэхүүний техник үйлчилгээ, оношилгоо, засвар, зогсоол зэрэг үйл ажиллагааг төвлөрүүлэхээр зорьж байна. Одоогоор бүтээн байгуулалтын ажлын гүйцэтгэгчийн хоёрдугаар шатны сонгон шалгаруулалтыг зарлаж 10 дугаар сард гэрээ байгуулахаар төлөвлөж байна. Ингэснээр барилга угсралтын ажлыг 2026 онд эхлүүлэх юм. Мөн төслийн хүрээнд байгаль орчны ерөнхий төлөв байдлын үнэлгээг гаргаж депогийн бүтээн байгуулалт хийх газрын гэрчилгээ бэлэн болжээ.


Улаанбаатар метро төслийн Төмөр замын инженер Б.Амгаланбаяр, “Улаанбаатар метро нь цагт 17,200 хүн тээвэрлэх хүчин чадалтайгаас гадна 15 өртөөтэй байх юм. Хийц бүтээцийн тухайд 14 зогсоол газар доогуур туннел хэлбэрээр явах бөгөөд эцсийн зогсоол нь засвар үйлчилгээний депотой залгаа газарт ил байрлана. Түүнчлэн 4.5 минут тутамд метро явахаар төлөвлөсөн” гэв.


Зөвлөх үйлчилгээ үзүүлэгч “Духуа инженеринг” ХК-ийн Механик зураг төслийн инженер Ким Жин Нам, “Нийт 19 цуваа метрог төлөвлөсөн. Бүрэн автомат буюу жолоочгүй байна. Засвар үйлчилгээний депогийн тухайд автомат засвар, угаалга, удирдлага, зогсоолын хэсгээс бүрдэнэ. Зогсоолын хэсгийг Монголын эрс тэс уур амьсгалд тохируулж битүү байдлаар барина. Метрог удирдлагын хэсгээс бүхэлд нь хянах боломжтой. Мөн урсгал засварыг 2-5 жил тутамд хийх тул засварын төвийг шийднэ. Энэ нь трассын дагуу яваад баруун талын эцсийн зогсоол болох Толгойтоор эргэж, зүүн талын депо дээрээ ирж, угаалга, засвар үйлчилгээндээ ороод зогсоолдоо байршихаар төлөвлөсөн” хэмээв.           


Улаанбаатар метро төслийн хонгилыг ухах TBM /Tunnel boring machine/ машины тухайд 30 метрийн урттай. Нийт 13 TBM ашигласнаар 2030 онд тухайн төслийг ашиглалтад оруулах боломжтой гэсэн тооцоолол гарсан. Уг машин газар доогуур 25 метрийн гүнд өрөмдлөг хийж, хонгилын хана хийх боломжтой. Мөн хотын суурьшлын бүсэд өрөмдлөг хийх учраас газрын гадарга дээр чичиргээ мэдрэгдэхгүй гэдгийг мэргэжилтнүүд онцлов. 






Холбоотой мэдээ