Виз олгоогүй тухай Туркийн мэдэгдлийг Орос буруушаав

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
aminaa@montsame.mn
2016-01-07 13:21:02

МОСКВА. /Sputnik/. Туркийн иргэний агаарын тээврийн 2 компанийн ажилтнуудад виз олгоогүй гэж тус улсын Тээврийн сайд Оросыг буруутгасанд Москва дургүйцэж байгааг Оросын Гадаад хэргийн яамны хэвлэлийн төлөөлөгч Мария Захарова мэдэгдэв.

Оросын албаны хүмүүс “нислэгийн багийн гишүүдэд виз олгоогүй” учир Туркийн “Pegasus Airlines” зардал багатай агаарын тээврийн компани Орос руу үйлддэг нислэгээ 1 дүгээр сарын 13 хүртэл түр зогсоосон талаар хэвлэлд мэдээлсэн юм.

Нисэх багийн гишүүдэд виз олгоогүй нь олон улсын агаарын тээврийн дүрмийг зөрчсөн асуудал гэж үзэж байгаагаа Туркийн Харилцаа холбоо, усан зам, тээврийн сайд Бинали Йылдырым мэдэгджээ.

"Pegasus Airlines” болон “Onur Air” компани Орос руу үйлдэж байсан нислэгээ түр зогсоосон асуудлаар Туркийн Тээврийн сайд  Бинали Йылдырым Оросыг үндэслэлгүй буруутгасанд бид маш их дургүйцэж байна. Оросыг эсэргүүцсэн ухуулгын кампанит ажил явуулахын оронд дээр дурдсан агаарын тээврийн компаниудынхаа жинхэнэ байдлыг шалгахыг Туркийн сайдад санал болгож байна” гэж Захарова хэлсэн байна.

Орос руу үйлдэж байсан нислэгээ түр зогсоосон асуудал нь визийн шинэ дэглэмээ 1 дүгээр сарын 1-ээс хэрэгжүүлж эхэлнэ гэдгээ Орос урьдчилан мэдэгдээд байхад ажилтнууд нь визээ хугацаанд нь мэдүүлэх арга хэмжээ аваагүй Туркийн агаарын тээврийн компаниудын эрх баригчдаас болсон гэж тэрбээр хэлэв.

Асуудлыг хугацаанд нь зохицуулсан “Turkish Airlines” компанийн нисгэгчид, техникчид жилийн хугацаатай визээ авсан бөгөөд хуваарийн дагуу ажиллаж байгааг Захарова мэдээлжээ.

Х.Аминаа

 

Холбоотой мэдээ