Чернобылийн ослоос хойш 40 жил өнгөрчээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
b.adiyakhuu@montsame.gov.mn
2026-04-26 14:37:17

МОСКВА, 2026 оны дөрөвдүгээр сарын 26 /РИА Новости/. Одоогоос яг 40 жилийн өмнө буюу 1986 оны дөрөвдүгээр сарын 26-нд хүн төрөлхтний түүхэн дэх хамгийн том техногенийн сүйрэл буюу Чернобылийн АЦС-д осол болсон билээ.


Өнөөдөр ОХУ-ын Онцгой байдлын газрын дэргэдэх Иргэний хамгаалалт, онцгой нөхцөл байдлын асуудлыг судлах Бүх Оросын эрдэм шинжилгээ-судалгааны хүрээлэнгээс зарим тоо баримтуудыг олон нийтэд ил болгосон байна.


Цацраг идэвхт бодисуудаар бохирдсон Чернобылийн АЦС-ын эргэн тойрны 30 км-ийн радиустай бүсээс 400 мянган хүнийг нүүлгэн шилжүүлсэн байна. Тус станц Киев мужийн Чернобыль хотоос 15 км-ийн зайд оршдог.  


Ослын улмаас 160 мянган хав.дөр.км газар нутаг цацраг идэвхт бодисоор бохирджээ. Ослын хор уршгийг арилгах, аврах ажиллагаанд нийтдээ ЗХУ-ын 600 мянга гаруй иргэд оролцсоны дотор гал сөнөөгчид, цэргийн албан хаагчид, эрдэмтэд, барилгачид, уурхайчид, эмнэлгийн ажилтнууд, эрдэм шинжилгээний хүрээлэнгийн ажилтнууд байлаа. Тухайн үеийн ЗХУ-ын бүгд найрамдах улсуудын дотроос Беларусь улс хамгийн ихээр цацраг идэвхт бодисын бохирдолд өртсөн бөгөөд нийт нутаг дэвсгэрийнх нь 23 хувь бохирджээ.   


Дээрх хүрээлэнгийн мэдээлэлд дурдсанаар, Чернобылийн осол бол хяналтаас гарсан цөмийн эрчим хүчний өмнө энэ дэлхий ертөнц ямар хэврэг эмзэг болохыг харуулсан гунигт сургамж юм.


“Ослын хор уршгийг арилгахад оролцсон хүмүүс эр зориг гарган ажилласны ачаар ослын хүрээг хамгийн бага хэмжээнд хүртэл хумьж чадсан. Технологийн сахилга батыг хэлбэрэлтгүй сахиж, онцгой байдал үүсэхээс урьдчилан сэргийлэх, хор уршгийг арилгах системүүдийг хөгжүүлэх нь чухал болохыг Чернобылийн осол сануулж байна” гэж хүрээлэнгийн мэдээлэлд дурдсан байна. 

Холбоотой мэдээ