Зөвшөөрөлгүй холболт хийснээс болж зарим байрны усны шугам хөлджээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОД
erdenechimeg@montsame.mn
2016-01-12 16:13:22

Саяхны өдөр Дорнод аймгийн Чойбалсан хотын орон сууцны ихэнх байшингийн цэвэр, бохир ус тасарч оршин суугчдын тав тухыг алдагдуулж, сандаргаад авсан. Гэтэл энэ нь холбогдох байгууллагуудын үйл ажиллагаанаас шалтгаалсан хэрэг биш, хувийн барилгын компани барьж дуусаагүй барилга руу дур мэдэн цэвэр усны холболт хийсэнтэй холбоотой болж таарлаа.

Хотын төвд баригдаж байгаа 9 давхар энэ барилга сууриа тавихаас эхлээд хажуу дэргэдэх байшингийн оршин суугчдын эсэргүүцэлтэй тулгарсан хэдий ч барилга баригддагаараа баригдаж балаг нь дуусаагүй бололтой. Тэднийхэн цэвэр усны төв худагт ус алдуулж, аваарын байдалд оруулсныхаа дараа Нийтийн аж ахуй компанид дуудлага өгчээ. Энэ байдлаас болж тэр хавийн орон сууцнууд, аж ахуйн нэгжүүд өдөржин усгүй байж, үүнээс улбаалан “Ивээл” хорооллын хэд хэдэн байрны цэвэр усны шугам хөлдсөн байна. Аливаа барилга байгууламжийг барихдаа холбогдох байгууллагуудаас техникийн нөхцлийг авч, зохих журмын дагуу шугам сүлжээний холболт, угсралтын ажлыг гүйцэтгэдэг. Холбогдох журам дүрмийг мөрдөж ажиллаагүй тус компанид Нийтийн аж ахуй компани хариуцлага тооцох болно гэдгээ өчигдөр мэдэгдлээ.

                                                                                                             Б.Туяа

Холбоотой мэдээ