Бөхмөрөн суманд 12 нөхөрлөл ажиллаж байна

ОРОН НУТАГТ | УВС
erdenechimeg@montsame.mn
2016-01-13 16:14:17

Увс аймгийн Бөхмөрөн суманд байгаль, ан амьтан, ой мод хамгаалах чиглэл бүхий 12 нөхөрлөл үйл ажиллагаа явуулж байна. Онгон зэрлэг байгаль, ховор ан амьтдаа хайрлан хамгаалахын зэрэгцээ өрх гэрийнхээ ахуй амьдралыг дээшлүүлэхэд нөхөрлөлийн ашиг тус их байдаг ажээ.

Иймээс малчид хэсэг бүлгээрээ хамтран нөхөрлөл байгуулж, аргаль, угалз, янгир, зэрлэг гахай, гургуул, хар сүүлт, зүр гур зэрэг ховор ан амьтан болон булаг шанд, ой мод, бэлчээр зэргийг хамгаалдаг аж. Малчдын оролцоотой байгаль хамгаалах ажлыг Дэлхийн байгаль хамгаалах сан, НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрөөс эхлүүлж, нөхөрлөлүүдийг санхүү мөнгөөр дэмжиж ажиллах болсноор сүүлийн 10 гаруй жилийн хугацаанд ховордсон ан амьтад өсөн үржиж, хулгайн ан, хууль бусаар мод бэлтгэх ажил эрс буурсан байна.

2005 оны үед 700 орчим аргаль, угалзтай байсан Бөхмөрөн сум өдгөө 2000 гаруй аргальтай болоод байна. Өнгөрсөн зун Бөхмөрөн, Сагил, Давст сумын ЗДТГ “Мянган аргаль” нөхөрлөл хөгжлийн наадам зохион байгуулж, энэ үеэрээ морь уралдуулж, бөх барилдуулснаас гадна малчдын үйлдвэрлэсэн бараа бүтээгдэхүүн болох сур суран эдлэл, гар урлал, сүү цагаан идээний үзэсгэлэн худалдаа гаргасан байна.

Сүүлийн жилүүдэд Байгаль орчны яамнаас спорт ан агнуур хийх тусгай зөвшөөрөл олгох болсноор гадаадын иргэд өндөр өртөг төлж угалз агнадаг болж, энэ нь улс орны болоод аймаг, орон нутгийн төсвийн орлогыг бүрдүүлэхэд ихээхэн дэмжлэг туслалцаа үзүүлдэг аж.

 Увс аймаг Б.Батхүү

 

Холбоотой мэдээ