Утга зохиолын нэгдэл үүсэн байгуулагдсаны 80 жилийн ой болж байна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОДДорнод аймагт Утга зохиолын нэгдэл үүсэн байгуулагдсаны 80 жилийн ой энэ өдрүүдэд тохиож байна.
1935 онд аймгийн Утга зохиолын бүлгэм байгуулагдсанаас эхлээд Д.Цэвэгмид БНМАУ-ын анхны гавьяат багш цол хүртсэн, Ц.Дамдинсүрэн Монгол Улсын сүлд дууллын үгийг зохиосон, С.Дашдэндэвт “Улаан наран” роман туурвисны учир Д.Нацагдоржийн шагнал олгосон, Ц.Дамдинсүрэн Монгол Улсын анхны Ардын уран зохиолч цолыг хүртсэн гээд он дарааллын хуудас эргэн эргэсээр өнөөг хүрчээ.
-Ц.Дамдинсүрэн, Д.Цэвэгмид, С.Дашдэндэв, Г.Амар, Г.Аким, Д.Нямсүрэн нараас эхлээд өдгөөгийн бидэнд уламжлагдан ирсэн утга зохиолын их өв, урлахуйн арвин эрдэм Дорнодын залуу уран бүтээлчдийн харах зүг хандах чигийг тодоос тод гэрэлтүүлсээр өдгөө хүрч байна гэдгийг ч аймгийн Утга зохиолын нэгдлийн эрхлэгч, МЗЭ-ийн шагналт яруу найрагч Ц.Жамбалгарав онцолсон.
Ойн үеэр “Дорнодын зохиолчдын уран бүтээлийн дээжис” номын баяр, “Талын шүлэг-2016” яруу найргийн наадам, уншигч-зохиолчдын уулзалт болох юм.
Утга зохиолын нэгдэл үүсэн байгуулагдсаны 80 жилийн ойн үеэр тус нэгдлийн 4 гишүүн Монголын Зохиолчдын Эвлэлд гишүүнээр элслээ.
Б.Туяа