Умард Солонгосын экспортыг хянахад туслах хүсэлтэй байна

Дэлхийд | Улс төр
jargal@montsame.mn
2016-01-19 14:30:54

ТОКИО. /RIA Novosti/. АНУ, Япон, Өмнөд Солонгосын эрх баригчид үй олноор нь хөнөөх зэвсэг дэлгэрүүлэхэд Умард Солонгост саад болохын тулд Зүүн Өмнөд Азийн орнуудын гаалийн болон паспортын хяналтыг чангатгахад туслах бодолтой байна. Энэ тухай Японы “Нихон Кейзай” /“Никкей”/ сонинд мэдээлжээ.

Тус сонинд мэдээлснээр, Японы нийслэл Токио хотод энэ сарын 16-нд болсон өндөр албан тушаалын дипломатчдын гурван талын уулзалтын үеэр Вашингтон, Токио, Сөүл  Умард Солонгосын найрсаг харилцаатай АСЕАН-ы /Зүүн Өмнөд Азийн улсуудын холбоо/ орнуудтай худалдаа хийхэд үй олноор нь хөнөөх зэвсэг дэлгэрүүлэх боломжтой “цоорхойг” арилгахаар тохиролцсон байна.

Гадаад хэргийн сайд нарын түвшинд эдгээр гурван орны дипломатчид, мөн АНУ, Хятад болон Өмнөд Солонгосын Гадаад хэргийн яамны төлөөлөгчид лхагва гарагт буюу нэгдүгээр сарын 20-нд Японд айлчилж, үй олноор нь хөнөөх зэвсгийг Азид үл дэлгэрүүлэх асуудлыг хэлэлцэнэ.

Цөмийн болон пуужингийн хөтөлбөрөө хэрэгжүүлэхэд шаардлагатай материалууд АСЕАН-ын орнуудаар дамжин Умард Солонгост нэвтрүүлэхгүйн тулд Вашингтон, Токио, Сөүлийн эрх баригчид далайн замаар Умард Солонгост илгээж буй ачаанд тавьдаг хяналтыг чангатгах хүсэлтэй байна. Хөлөг онгоцуудад гаалийн үзлэг хийх мэргэжилтэн бэлтгэхэд АСЕАН-ы орнуудад туслалцаа үзүүлж, сэжигтэй ачааг шалгах тоног төхөөрөмж илгээх төлөвтэй байна.

Д.Жаргал

 

 

Холбоотой мэдээ