Цэцийн дунд суудлын хуралдаан болно

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
mn_tuul@montsame.mn
2016-01-20 09:58:28

Цэцийн дунд суудлын хуралдаан энэ сарын 29-нд болно.

Шүүх байгуулах тухай хуулийн зарим заалт Үндсэн хуулийн холбогдох заалтыг зөрчсөн эсэх тухай маргааныг Үндсэн хуулийн цэцийн дунд суудлын хуралдаанаар 2015 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр хянан хэлэлцээд, Шүүх байгуулах тухай хуульд, иргэний болон эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх, дүүргийн иргэний болон эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийг байгуулахдаа нэрийн хувьд “аймгийн” болон “дүүргийн” гэж томьёолсон боловч энэ нь 2-3 аймгийн дунд давж заалдах шатны нэг шүүх; 2-3 дүүргийн дунд анхан шатны нэг шүүхтэй байх агуулгыг илэрхийлж байгаа бөгөөд энэ нь Үндсэн хуульд бэхжүүлсэн засаг захиргаа, нутаг дэвсгэрийн харьяаллын зарчмаар зохион байгуулагдах Монгол Улсын шүүхийн үндсэн тогтолцоог үгүйсгэж, иргэний үндсэн эрхийг баталгаатай эдлүүлэх, төрийн үйлчилгээг иргэдэд ойртуулах Үндсэн хуулийн суурь зарчмыг алдагдуулж улмаар Үндсэн хууль зөрчсөн байна гэж үзсэн. Цэцийн энэ дүгнэлтийг УИХ хэлэлцээд хүлээн зөвшөөрөхөөр шийдвэрлэсэн боловч  Ерөнхийлөгч уг тогтоолд хориг тавьсан бөгөөд түүнийг УИХ хэлэлцээд хүлээн авсан байна. Иймд Шүүх байгуулах тухай хуулийн зарим заалт Үндсэн хуулийн холбогдох заалтыг зөрчсөн эсэх тухай маргааныг дахин хянаж, эцэслэн шийдвэрлэх Үндсэн хуулийн цэцийн их суудлын хуралдааныг 2016 оны 1 дүгээр сарын 28-ны өдөр хийхээр товлов.

Мөн нэр бүхий иргэдээс Үндсэн хуулийн цэцэд хандаж Монгол Улсын Засгийн газрын тогтоолоор баталсан Эдийн засгийн ил тод байдлыг дэмжих тухай хуулийг хэрэгжүүлэх журмын зарим заалт нь Үндсэн хуулийн холбогдох заалтыг тус тус зөрчсөн гэж үзэж өргөдөл, мэдээлэл ирүүлжээ. Үүний дагуу үүссэн маргааныг хянан хэлэлцэнэ.

Холбоотой мэдээ