Босоо байсан озэки Котошёогикүг Тоёоношима сөхрүүллээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
dusem11@yahoo.com
2016-01-23 11:00:09

Японы мэргэжлийн сумо бөхийн Хацү башёгийн 13 дахь өдрийн хамгийн их анхаарал татсан барилдаан нэг унаагүй байгаа Котошёогикү, Тоёоношима хоёрын барилдаан байв.

Тэд сумо бөхөд хөл тавьсан хүүхэд ахуй цагаасаа эхлэн өнөөг хүртэл өрсөлдөж байгаа хоёр хүчтэн юм. Харин энэ удаа Тоёоношима, Котошёогикүг зайлж татаад давлаа. Тэд өнгөрсөн хугацаанд нийт 42 барилдсанаас 15-д нь Тоёоношима давж 27-д нь Котошёогикү давсан байв. Котошёогикүг озэки цолто болсноос хойш нийт 16 удаа таарч барилдахдаа есд нь Тоёоношима давжээ. 2016 оны анхны башё ийнхүү ширүүн өрсөлдөөнтэй, содон барилдаануудтай өрнөж байгаа бөгөөд 14 дэх өдрийн барилдаанд Тоёоношима-Ёшиказе, Котошёогикү-Точиозантай барилдана.

Өчигдөр 69 дэх Их аварга Хакүхо М.Даваажаргал, 71 дэх Их аварга Какурюү М.Ананд нар таарч барилдсан бөгөөд тэдний барилдаан тун ч сонирхолтой болж Хакүхо эгзэгтэй мөчид тойгдож ард нь гараад даваагаа ахиулж чадлаа. Харин 10 даваа 2 унаатай яваа 70 дахь Их аварга Харүмафүжи Д.Бямбадорж, озэки Кисеносатотой оноолт таарч эхний барилдаанд зэрэг унасан хэмээн шүүгч нар үзсэн бөгөөд дахиж барилдуулахад Харумафүжи аварга илт илүүрхэн давлаа.

Өнөөдөр Хакүхо-Кисеносато, Харумафүжи-Какүрюү нар хоорондоо барилдахаар оноолт таарчээ. Макүүчи буюу дээд зиндаанд Хакүхо, Котошёогикү нар тэргүүлж яваа бол Харумафүжи, Тоёоношима нар тэднийг нэхэж байгаа юм.

Д.Өлзий

Холбоотой мэдээ