Б.Эрдэнэсувд:Түүх, соёлын өвийг хамгаалах, сурталчлах нь залуус бүрийн үүрэг

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХЭНТИЙ
erdenechimeg@montsame.mn
2016-01-25 15:29:17

Хэнтий аймаг нь түүхэн дурсгалаараа дэлхийд хосгүйд бичигддэг нутаг юм. Энэхүү түүхэн дурсгалын тоолж бүртгэжүүлэх ажил хамгийн чухал байдаг байна.

Тиймээс 2015 онд Аймгийн Засаг даргын захирамжаар Түүх, соёлын үл хөдлөх дурсгалын улсын тооллогын ажлыг 18 сум 88 багт зохион байгуулснаар 1165 орчим дурсгалт газрын 8132 түүх соёлын үл хөдлөх дурсгалыг тоолж бүртгэсэн томоохон ажлыг аймгийн музейн эрдэм шинжилгээний мэргэжилтэн, аргазүйч Баяраагийн Эрдэнэсувд хийж гүйцэтгэсэн байна. Тиймээс түүнтэй цөөн хором ярилцлаа.

-Сайн байна уу? Таньд энэ өдрийн мэнд хүргье. Юуны өмнө та өөрийгөө танилцуулна уу?

- Сайн байна уу. Баярлалаа. Би Хэнтий аймгийн Хэрлэн суманд 1989 онд төрсөн. Багадаа Мөрөн сумын цэцэрлэгт суралцаж 2006 онд Хэрлэн сумын ЕБ-ын 1 дүгээр сургуулийг төгсөж, МУИС-ийг Нийгэм Соёлын антропологич мэргэжлээр 2010 онд төгссөн. Сургуулиа төгсөөд одоогийн ажиллаж буй Музей хэмээх түүх, соёлын өвийг хадгалдан хамгаалж, судлан, сурталчилах энэ байгууллагадаа ажиллаж одоо 6 дахь жилдээ ажиллаж байна.

-Мэргэжлээ хэрхэн сонгож байв?

-Багаасаа байгалийн сайханд аялах, байгалийн зураг үзэх, ном унших тэр дундаа түүхэн роман унших дуртай хүүхэд байсан ч энэ мэргэжлийг маш санаандгүй сонгосон. Харин энэ чиглэлээрээ суралцаж байх хугацаанд монгол өв соёл, түүх, ямар гайхамшигтай сонирхолтой салбар вэ гэдгийг мэдэж эхэлсэн. Түүх, угсаатны зүй, соёл судлал, хүн судлал бусад салбарынх шиг цалин өндөртэй, тэтгэмж сайтай салбар биш ч хүн амьдралаа хэрхэн сонирхолтой болгох, зорилготой болгох, өөрийгөө хөгжүүлэх, мэдлэг олж авах боломжтой үнэхээр сайхан мэргэжил гэж боддог. Санаачлагаа дэмжүүлэх нь маш том урам, шагнал юм

-Та хэнээс илүү үлгэр дууриал авдаг вэ? Энэ хугацаанд таныг урам тэтгэж, зоригжуулдаг хүн хэн байсан бэ?

- Миний ээж, миний хамт олон. Миний ээж бол мундаг, дайчин хүн. Манай хамт олон ажилсаг чадварлаг сэтгэл сайтай хүмүүс. Тэд бол 2-3 мэргэжлийг сурч биш ч ажиллаж дадлагжиж эзэмшсэн хүмүүс. Мөн ажлын санаачлага, хийсэн ажлыг минь үнэлж байнга дэмждэг удирдлагууддаа маш их баярлаж явдаг. Санаачлагаа дэмжүүлэх нь маш том урам, шагнал юм шигээ.

-Та хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийг үнэ төлбөргүй үзмэр үзүүлсэн сайхан ажлыг санаачилан хийсэн .Тухайн үед үзмэр үзэж байгаа хүүхдүүдийн сэтгэл хөдлөл ямар байдаг вэ?

-Тэд сонсож, ярьж чаддаггүй ч бусад шиг мэдлэг олох эрхтэй чадвартай. Хүүхдүүд музей үзээд өөрийн гэсэн бодит дүрслэл, мөрөөдөл нь нүднээс нь харагдаж байдаг. Музейн гол үүрэг нийгэмдээ хүрч ажиллах. Тиймээс энэхүү ажил маань амжилттай үргэлжилж, цаашид олон хүүхдийн оюуны хэрэгцээг хангана гэж итгэдэг.

- Мэдээж үзмэрээ үзэгчиддээ ойлгуулж тайлбарлах нь хамгийн чухал байдаг байх. Таны хувьд

-Музей бол хүний оюуны хэрэгцээг хангах үүрэг бүхий байгууллага. Мөн хүн музейгээс түүхийн мэдлэг олж авахаас гадна нутаг орны онцлогийн тухай соёлын өвийн тухай цогц ойлголтыг авах, нутаг орноороо бахархах үзлийг олж авах нь чухал. Музейг тайлбарлахдаа хүнийг инээлгэж чадах, хүнд хэрэгтэй мэдээлэл олгож чадах нь маш чухал гэж боддог. Жишээ нь хүний биед юу сайн, хүн ямар зан үйлийг мэддэг байх ёстой гэх мэтээр. Тиймээс энэ тал дээр илүү анхаарч ажиллахыг хичээдэг.

-Өнгөрсөн хугацаанд хийсэн ажлаа дурьдвал?

-Музейн үзмэр бүтээл, үзүүллэгт түшиглэсэн 12 үзэсгэлэнгийн сэдэвчилсэн төлөвлөгөө дэглэлтийг хариуцан хийж, ОУ-ын хэмжээнд зохион байгуулагдсан 4 үзэсгэлэнгийн сэдэвчилсэн төлөвлөгөө, дэглэлтэнд оролцон Хэнтий нутгаа сурталчилсан. Санаачлан бичсэн “Сэцэн ханы ордон музейг шинэчилэн дэглэх” төсөл, “Хирсний ясыг үзүүллэгт дэглэх ач холбогдол” төслүүд хэрэгжин энэ олны хүртээл болгохоор ажиллаж байна. Гол нь ажил санаачилсан ч дэмжих хүн байхгүй бол хэцүү. Тиймээс биднийг дэмждэг байгууллагынхаа удирдлагад, хамт олондоо болон аймгийн удирдлагууддаа гүн талархалаа илэрхийлье. Хэнтий аймгийн түүх, угсаатан, соёлын өвийн талаар судалгаа хийж өгүүллэг, мэдээлэл бэлтгэн хэд хэдэн ном, сэтгүүлд хэвлэн нийтлүүлсэн.Түүх, соёлын дурсгал болон Музейн аргазүйн чиглэлээр “Музейн хаяг тайлбар хийх арга зүй”, “Гэрэл зураг авах бүртгэн баримтжуулах арга зүй”, “Төсөл бичих аргачлал” сэдэвт  сургалт, Аймгийн “Түүх, соёлын үл хөдлөх дурсгал болон үнэт эдлэлийг хэрхэн таних арга” сэдэвт сургалт, мэдээллийг амжилттай зохион байгуулсан зэрэг ажлыг санаачлан хийлээ.

-Өнгөрсөн зун аймгийнхаа бүх сумдуудаар явж түүх, соёлын үл хөдлөх дурсгалын тооллогыг явуулж байх үеэ дурсвал?

- Түүх, соёлын үл хөдлөх дурсгалын улсын нэгдсэн үзлэг тооллого өнгөрсөн онд болж дууссан. Миний хувьд энэ тооллогын ажлын хэсгийн нарийн бичгийн наргаар томилогдон аймгийнхаа бүх сум, багийн нутагт байх дурсгалуудыг тоолж бүртгэж дууссан. Эзэн Чингис хааны өлгий нутаг Хэнтий аймаг нь түүх, соёлын үл хөдлөх дурсгалт газрууд буюу хөдөө хээр, байгаль дээр ил задгай орших хүний гараар бүтээгдэн бий болсон эртний булш, бунхан, хиргисүүр, хөшөө чулуу, хадны сүг зураг, сүм хийдийн туурь, уран барилгын дурсгалаараа нэн баялаг. Хэнтий аймгийн нутаг дэвсгэр дэхь түүх, соёлын үл хөдлөх дурсгалууд нь гадаад, дотоодын эрдэмтэн судлаачдын анхаарлыг үеийн үед татаж ирсэн байдаг. Хэнтий аймаг дахт түүх соёлын үл хөдлөх дурсгалууд дотор ШУ танин мэдэхүй, аялал жуулчлалын ач холбогдлоороо Монголдоо төдийгүй Төв азид ховорт орох дурсгалууд цөөнгүй байгаа. Энэхүү тооллогын ажил болон ажлынхаа буянд Хэнтий аймгийнхаа гайхамшгийг мэдэрч утгаараа улам илүүтэйгээр бахархаж байна. Олон сар хөдөөгүүр явах, хийсэн ажлаа нэгтгэж олон хоног нойргүй суух тохиолдол бүрт тусалж дэмждэг, хамт байдаг хамт олноороо бахархаж байна.

-Ажил болоод амьдралдаа баримталдаг зарчим?

- Хүн хийж буй ажлаа сэтгэлээсээ л хийх нь хамгийн чухал. Хүний хийсэн бүтээсэн бичсэн зүйлд сэтгэл заавал харагддаг. Би аливаа зүйлд чин сэтгэлээ л хандахыг хичээдэг.

-Таны ажил, мэргэжлийн хамгийн сайхан зүйл?

- Миний ажил Монголоо хайрлан хамгаалж, магтан мандуулж, түгээн дэлгэрүүлж, шүтэн сүсэглэж, дэмжиж тэтгэн, хөгжүүлж хөлжүүлэх салбар. Газраа ухаж бус газар дээрх баялагаа сурталчилдаг, хүнийг гэгээрүүлдэг, хүний хийсэн бүтээсэн зүйлийг хамгаалдаг, өв соёлоо судалдагаараа хамгийн сайхан нь.

-Таны цаашдын зорилго юу вэ?

- Их эзэн хааны өлгий нутгийн түүх, соёлын өвийг монголдоо төдийгүй дэлхийд сурталчилах, аялал жуулчлалын хөгжилд өөрийн гэсэн хувь нэмрээ оруулах. Хэнтий нутгаа сурталчилсан судалгаа танин мэдэхүйн ном гаргах, Зүүн бүсдээ жижиг дэглэлттэй музейтэй болох гээд маш олон зорилго байгаа. Энэ бүхэн маань удахгүй хэрэгжинэ гэдэг итгэлтэй байна.

-Ярилцсанд Баярлалаа. Амжилт хүсье

О.Буянхишиг

Холбоотой мэдээ