“Цэргийн албаны эсрэг гэмт хэрэг”-ийн талаар сургалт зохион байгууллаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
erdenechimeg@montsame.mn
2016-01-31 22:19:43

Сэлэнгэ аймгийн Прокурорын газраас тус аймагт үйлдэгдэн гарч байгаа гэмт хэргийн шалтгаан нөхцөл, прокурорын байгууллагын чиг үүрэг, хийсэн ажлын талаар яриа таниулга, сургалт зохион байгуулахаар төлөвлөөд байна.

Сэлэнгэ аймаг дахь Хилийн 0243 дугаар ангийн 0281 дүгээр салбарт цэргийн алба хааж байсан байлдагч Г, Б нар оргосон хэрэг энэ оны 1 дүгээр сарын эхээр гарч бүх хэвлэл мэдээллийн хэрэгсэл болон сайтуудаар мэдээлэгдсэн. Энэ хэргийг шуурхай шалгаж шийдвэрлүүлэх талаар аймгийн прокуророос анхаарч ажиллаж байгаа бөгөөд хэргийг ажиллагааны явцад нь хянаж прокурорын даалгавар бичжээ. Энэхүү байдалтай уялдуулан тус газраас Хилийн 0243-р ангитай хамтран харуулын бага дарга нарт Монгол Улсын Эрүүгийн Хуулийн 29 дүгээр бүлэг болох “Цэргийн албаны эсрэг гэмт хэрэг”-ийн тухай ойлголт, хүлээлгэх хариуцлага, гарч байгаа гэмт хэргийн шалтгаан, нөхцлийн талаар сургалт зохион байгуулсан нь үр дүнтэй болжээ. Сургалтанд хилийн 0243-р ангийн харуулын 34 бага дарга оролцсон байна. Эл сургалтыг цаашид бүх албан хаагчдад өгөх хүсэлтийг тус ангийн удирдлагаас гаргажээ. Энэхүү хүсэлтийг аймгийн Прокурорын газар хүлээн авч цаашид сургалтыг үргэлжлүүлэн явуулах, түүнчлэн Сэлэнгэ аймагт үйлдэгдэн гарч байгаа гэмт хэргийн шалтгаан нөхцөл, прокурорын байгууллагын чиг үүрэг, хийсэн ажлын талаар яриа хийхээр төлөвлөөд байгаа аж.

Сэлэнгэ аймаг.Ч.Отгонцэцэг

 

 

Холбоотой мэдээ