“Манлай заан”-даа хүндэтгэл үзүүллээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СҮХБААТАР
erdenechimeg@montsame.mn
2016-02-02 09:51:54

Сүхбаатар аймгийн Сүхбаатар сумын уугуул, аймгийн манлай заан Дарьсүрэнгийн Энхнаранг алдаршуулах хүндэтгэлийн барилдаан 1 сарын 30-ны өдөр зохион байгуулагдлаа.

Барилдаанд Дорнод аймгийн Халх гол сумын харьяат улсын начин Д.Цогзолдорж, Увс аймгийн Тэс сумын харьяат улсын начин Т. Баасанхүү, Сүхбаатар аймгийн Онгон сумын харьяат аймгийн хурц арслан Ш. Мөнгөнбаатар нарын тэргүүтэй хүчит 64 бөх зодоглолоо. Аймгийн арслан цолтон гэхэд 6 хүрэлцэн ирсэн байсан нь энэхүү барилдааны цар хүрээг илтгэж байгаа юм.

Ингээд барилдаанд Сүхбаатар аймгийн Онгон сумын харьяат аймгийн хурц арслан Ш. Мөнгөнбаатар түрүүлж, Дорнод аймгийн Халх гол сумын харьяат улсын начин Д. Цогзолдорж үзүүрлэлээ.

Д.Энхнарангийн хувьд аймгийнхаа баяр наадамд 1997, 1999, 2003 онуудад үзүүрлэж, 2 удаа шөврөгч байсан түүхтэй. Тийм ч учраас түүнийг аймгийн Манлай заан хэмээн хүндэтгэдэг юм.

Аймгийн манлай заанаа алдаршуулах барилдааныг Сүхбаатар аймгийн Үндэсний бөхийн холбоо, БТСГ, Сүхбаатар сумын ЗДТГ, Хаан банд зэрэг байгууллагууд хамтран зохион байгуулсан юм. Хүчит бөхийн барилдааны үеэр түүнд гэр бүл, найз нөхөд, нутаг орныхон нь хүндэтгэл үзүүлж, мөн аймгийн засаг даргын захирамжаар аймгийн Хүндэт иргэнээр өргөмжиллөө.
 

Т. Одончимэг 

Холбоотой мэдээ