Томуу, томуу төст өвчнөөс урьдчилан сэргийлэх зөвлөмж хүргүүлэв

Монголын мэдээ | Эрүүл мэнд
dotood_editor@montsame.mn
2016-02-11 11:18:35

Томуу, томуу төст өвчний 70-80 хувийг сургууль, цэцэрлэгийн насны хүүхдийн өвчлөл эзэлж байгаа учраас урьдчилан сэргийлэх зорилгоор Халдварт өвчин судлалын үндэсний төвөөс зөвлөмж хүргүүлжээ.

Улсын хэмжээнд энэ өвчний идэвхжил нэмэгдэж байгаа бөгөөд хэвтэн эмчлүүлэгсдийн тоо сүүлийн долоо хонгуудад нэмэгдэж байна.

Тиймээс сургууль, цэцэрлэг, хүүхдийн байгууллагын удирдлага, эмч, багш нарт дараах зөвлөмжийг хүргүүлжээ.

-Сургууль, цэцэрлэгт хүүхдийг хүлээн авахдаа биеийн байдлыг нягтлан үзэж, томуу, томуу төст өвчин, амьсгалын замын халдварын шинж тэмдэгтэй болон өвчилсөн хүүхэд, багш, ажилчдыг хичээл, сургуулиас долоо хоног хүртэл чөлөөлж, гэрт нь тусгаарлах, эмчилж, эдгээх,

-Сургууль, цэцэрлэгийн анги танхимд чийгтэй цэвэрлэгээ, агааржуулалтыг 2-3 удаа хийж, анги танхимын дулааныг 18-20 хэмд тогтмол байлгах,

-Сургуулийн өдрийн цай, цэцэрлэгийн хоолны цэсийн амин дэмээр баялаг, илчлэг сайтай хоол хүнсээр бүрдүүлэх,

-Цэцэрлэгийн хүүхдийн ор хоорондын зайг нэг метрээс багагүй зайтай байхаар төлөвлөж, зохицуулалт хийх,

-Ам, хамрын хөндийг байнга цэвэрлэн, хамраар зөв амьсгалах дасгал хийлгэж сургах,

-ТТӨ, амьсгалын замын халдварын дэгдэлтийн үед сургууль, цэцэрлэгт хүүхдийг олноор цуглуулан өдөрлөг, уулзалт, тэмцээн зохион байгуулахгүй байх,

-Өвчилсөн бол эмнэлгийн байгууллагад хандах, дур мэдэн эмчилгээ хийхгүй байх зэргийг зөвлөжээ.

Холбоотой мэдээ