ОПЕК-ийн гишүүн орнууд ОХУ-тай хэлэлцээ хийнэ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
jargal@montsame.mn
2016-02-16 10:50:31

МОСКВА. /RIA Novosti/. Нефть экспортлогч орнуудын байгууллага буюу ОПЕК-ийн гишүүн хэд хэдэн орны салбарын сайд нар нефтийн зах зээлийн байдлын талаар ОХУ-тай Катарын нийслэл Доха хотод мягмар гарагт буюу өнөөдөр хэлэлцээ хийнэ гэж “The Wall Street Journal” сонинд тус байгууллагын албан ёсны төлөөлөгчдийн мэдээллээс иш татан бичжээ.

Уулзалтад Саудын Арабын сайд Али аль-Наими, Нигери улсын сайд Эммануэль Ибе Качикву, Венесуэлийн сайд Эулохио дель Пино, мөн ОХУ-ын Эрчим хүчний сайд Александр Новак оролцоно. Олборлолтын хэмжээг бууруулах болон нефтийн үнийн уналтыг зогсоох зорилгоор ОХУ болон нефть олборлогч зарим оронтой эвсэл байгуулж магадгүй тухай мэдэгдлийг ОПЕК энэ оны нэгдүгээр сард хийжээ. ОПЕК болон нефть олборлогч бусад орны төлөөлөгчидтэй хоёрдугаар сард уулзахаар төлөвлөж байгаа боловч эцсийн шийдвэр гараагүй байна гэж Оросын Эрчим хүчний сайд нэгдүгээр сарын сүүлээр мэдэгдэж байв. Гэхдээ тэрбээр уулзалтад биечлэн оролцоно гэдгээ нотолсон байна.

Зах зээлд нийлүүлж буй нефтийн хэмжээг өмнөх түвшинд хадгалахтай холбоотой гэрээг хэлэлцэх зорилгоор уулзалт хийх талаар Венесуэлийн Нефтийн сайд ОПЕК-ийн гишүүн орнуудтай, мөн ОХУ-тай хэлэлцэж байгаа тухай хэвлэлүүд хоёрдугаар сарын эхээр мэдээлжээ.

Д.Жаргал

 

Холбоотой мэдээ