Монголын хоккей /Бэнди/-чид ДАШТ-д IV байр эзлэв

МОНГОЛЫН МЭДЭЭ
dusem11@yahoo.com
2016-02-16 11:22:52

ОХУ-ын Ульяновск хотод бөмбөгтэй хоккейн /bandy/ оюутны ДАШТ-ий “В” ангиллын тэмцээн энэ сарын 10-наас эхэлж шилдгүүдээ тодруулав.

Тус тэмцээнд Герман, Унгар, Украин, Япон, Нидерланд, Монгол зэрэг 10 орон өрсөлдсөн бөгөөд өчигдөр медалийн төлөөх тоглолтууд боллоо. Тэмцээний аваргаар Германы хоккейчид тодорсон бол Унгар мөнгө, Украин хүрэл медалийн эздээр тодорч Монголын баг тамирчид дөрөвдүгээр байр эзлэв.

Манай хоккейчид хүрэл медалийн төлөө Украины багтай тоглож, 6-5 онооны харьцаагаар хожигдсон. Тоглолтын эхнээс манайхан давуу байдалтай болж, 2:0, 3:1, 5:2 оноогоор тэргүүлж эхэлсэн. Харин тоглолтын үндсэн 90 минут дуусахад 5:5 болж тэнцэж нэмэлт цагт Украины баг гоол хийснээр тэд хожиж хүрэл медалийн эзэд болов. Манай хоккейчид хэсгийн тоглолтод Украиныг 2:1-ээр хожсон юм. Бөмбөгтэй хоккейн дэлхийн чансаанд Монголын багт 12 дугаарт бичигдлээ.  

Манай хоккейчид хэсэгтээ эхний тоглолтоо Японы багтай хийж, 4:0-оор хожигдсон. Манай баг тамирчдын хувьд тав хоног галт тэргээр очсон даруйдаа эхний тоглолтоо тус багтай тоглосон юм. Харин Хятад, Сомали, Украин, Чех, Унгарын багуудыг дараалан хожиж, хэсгийн гуравдугаар байрт бичигдсэн. Улмаар шөвгийн наймд Нидерландыг (4:0) хожиж, мөнгөн медалийн төлөө Унгарт нэг оноогоор (5:4) хожигдсон. Ингээд хүрэл медалийн төлөөх шийдвэрлэх тоглолтонд Украинд тун харамсалтай ялагдал хүлээсэн билээ.

Дашрамд сонирхуулахад, ДАШТ-ий хүрэл медалийн болзол хангасан Украины тамирчдыг ялалтаа тэмдэглэж эхлэх үеэр Монголын хоккейчид зодооныг эхлүүлсэн гэх шуугиан олны анхааралд өртсөн юм. Хоёр багийн үймээнийг цагдаагийнхан зогсоожээ. Олон улсын бөмбөгтэй  хоккейн холбооны (FIB) тэргүүн Борис Скрынник бөөнөөр зодоон гаргасныг хатуу шийтгэнэ гэж мэдэгдсэн байна.

Д.Өлзий

Холбоотой мэдээ