Малчдад 331.5 сая төгрөгийн тусламж үзүүлнэ

МОНГОЛЫН МЭДЭЭ
ariunbold@montsame.gov.mn
2016-02-23 11:48:35

Хөдөлмөрийн яам болон тус яамны харъяа 37 МСҮТ-ийн багш, оюутнууд зудад нэрвэгдсэн малчдад туслах зорилгоор энэ сарын 15-19-нд “Малчдад туслах аян” өрнүүлж, бэлэн мөнгө болон эд зүйлсийн 31.5 сая төгрөгийн хандив цуглуулжээ.

Хандиваар малын нэмнээ, элгэвч, 1379 ширхэг төлийн уут, 155 шуудай хивэг тэжээл, 509 боодол өвс, 200 кг хужир, 1316 ширхэг бээлий, 686 ширхэг саван зэрэг 29 нэр төрлийн 21.5 сая төгрөгийн эд зүйлс, 9.9 сая төгрөгийн бэлэн мөнгө цугласан байна. Уг хандивыг өнөөдөр Хөдөлмөрийн сайд Г.Баярсайхан МУЗН-т хүлээлгэн өглөө.

Монгол орны нийт нутаг дэвсгэрийн 90 орчим хувьд нь цасан бүрхүүл тогтсоноос Архангай, Баянхонгор, Булган Хэнтий зэрэг нийт 12 аймгийн 97 суманд өвөлжилт хүндэрч, цагаан зудтай байна. Дээрх сумдад цасны зузаан 7-40 см хүрсэн бөгөөд цаашид бусад аймгуудын зарим суманд нөхцөл байдал хүндэрч болзошгүй байгааг ОБЕГ-аас мэдэгджээ. Тиймээс Монголын эдийн засагт чухал нөлөө үзүүлэх үндэсний баялаг болох малын тоо толгой хорогдохоос урьдчилан сэргийлэх, зудын бүсэд байгаа малчдаа хамгаалах нэн шаардлагатай байгааг Хөдөлмөрийн сайд Г.Баярсайхан онцлон тэмдэглэв. Тэрбээр бусад яам, Тамгын газар болон ТББ-ууд, иргэдийг малчдад туслахыг уриаллаа.

Олон улсын Улаан загалмай, Улаан хавирган сар нийгэмлэгүүдийн холбоо МУЗН-тэй хамтран малчдад туслах 300 сая төгрөгийн сан бүхий хүмүүнлэгийн үйл ажиллагаа зохион байгуулж эхэлжээ.

Энэ хүрээнд Сэлэнгэ, Хөвсгөл, Булган аймгийн  300 өрхөд тус бүр 192 мянган төгрөг, Увс, Завхан, Баян-Өлгий, Төв, Архангай аймгийн 1200 өрхөд хүнсний багц, 64 мянган төгрөгийн хүмүүнлэгийн тусламж үзүүлэхээр төлөвлөсөн бөгөөд уг ажлыг энэ сарын 16-наас эхлүүлсэн байна.

Ийнхүү малчдын гар дээр 331.5 сая төгрөгийн тусламж хүрэхэд бэлэн боллоо.

Зудтай байгаа аймгуудын өрхүүдэд тусламж тараахдаа МУЗН -ийн зорилтот бүлгийн шалгуур үзүүлэлтийг харгалзан үзэх аж. Тухайлбал, зуданд буй айл 16 хүртэлх насны 3-аас дээш хүүхэдтэй өрх толгойлсон эцэг эсвэл эх, 60-аас дээш насны харж хандах хүнгүй өндөр настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэнтэй гэр бүл, 16-аас доош насны 5-аас дээш хүүхэдтэй гэр бүлийг сонгон тусламж үзүүлэх юм.

Ч.Ариунболд

Холбоотой мэдээ