Жаргант үйлдвэр амжилттай ажиллаж байна

Орон нутагт | Баянхонгор
erdenechimeg@montsame.mn
2016-02-23 20:24:27

Баянхонгор аймгийн ЖДҮ-ийг дэмжих төсөлд хамрагдсан “Жаргант хүнс” ХХК нь өдөрт 300-1500 кг бүтээгдэхүүн үйлдвэрлэх хүчин чадалтай болж, үйлдвэрийн байраа өргөтгөн 1 давхар 939 м.кв бүхий үйлдвэрийн байр худалдан авч хиамны үйлдвэрээ өргөжүүлжээ.

Тус компани нь байгуулагдаад 6 дахь жилдээ ажиллаж байгаа бөгөөд Баянхонгор аймагт мах махан бүтээгдэхүүний үйлдвэрлэлийг дангаар эрхэлж байна. 2011 онд хүнсний үйлдвэрийн үйлдвэрлэлийн эрүүл ахуйн стандартад нийцсэн үйлдвэрийн байр, 2012 онд 50 тонны багтаамжтай мах хөлдөөх зоорь барьж ашиглалтанд оруулсан бол 2013 онд ХБНГУлсад үйлдвэрлэсэн нэг удаадаа 30 кг-р найрах куттер, шприц, 200 кг хиам шарах камер зэрэг тоног төхөөрөмжийн шинэчлэл хийснээр амт чанар үйлдвэрлэл нэмэгдсэн аж.

Одоогоор 8 ажилтантайгаар давхар утлагат, гахайн утсан мах, адууны утсан мах, нарийн хиам, чанамал, салями, сосиск, адууны шарсан хавирга зэрэг бүтээгдэхүүн үйлдвэрлэж байна.

Сонирхуулахад, 2012 онд Баянхонгор аймгийн Хонгор нутгийн брэнд, Хэрэглэгчийн таашаалд нийцсэн мах махан бүтээгдэхүүн, Өвөрхангай аймгийн Хангайн бүсийн түншлэл үзэсгэлэн худалдаанд Хэрэглэгчдийн таашаалд нийцсэн бүтээгдэхүүн, 2013 онд Булган аймгийн "Хангайн бүсийн түншлэл" үзэсгэлэн худалдаанд Эрэлт хэрэгцээтэй бүтээгдэхүүнээр шалгарч байжээ. 2014 онд Баянхонгорт үйлдвэрлэв үзэсгэлэн худалдаанд оролцож "Шилдэг менежменттэй байгууллага", 2015 онд Эрдэнэт хот "Хангайн бүсийн түншлэл" үзэсгэлэн худалдаанаас Орон нутгийн брэнд бүтээгдэхүүн Цомын эзэн болсон байна.

Б.Мөнхзул

 

Холбоотой мэдээ