Өвлийн морин уралдааныг хориглохыг шаардав

МОНГОЛЫН МЭДЭЭ | СОЁЛ УРЛАГ
gantuya@montsame.mn
2016-02-24 15:32:09

Монголын хүүхдийн төлөө байгууллагуудын үндэсний нэгдсэн холбооноос /МХТБҮНХ/ Хурдан морины “Дүнжингарав-2016” уралдааныг зохион байгуулахыг эсэргүүцэж өнөөдөр мэдээлэл хийв.

“Дүнжингарав-2016” төвийн бүсийн уралдааныг энэ сарын 28-нд Төв аймагт зохион байгуулахаар болсон. Хурдан морины уралдааны унаач хүүхдүүдийн дийлэнх нь 6-12 насны хүүхэд байдаг бөгөөд өнгөрөгч онд “Дүнжингаравын их хурд” наадамд 7 хүүхэд мориноос унаж, нэг хүүхэд гэмтлийн эмнэлэгт хүргэгдсэн тоо баримт бий.Тиймээс Хүүхдийн төлөө үйл ажиллагаа явуулдаг байгууллагууд нэгдэж хурдан морины өвлийн уралдааныг хүйтний улиралд зохион байгуулахыг эсэргүүцэж байгаа аж.

Тус холбооны тэргүүн Д.Авирмэд “Өвөл зохион байгуулдаг морин уралдаан гэдэг бол хүүхдийн эрхийг ноцтой зөрчдөг, тэр дундаа хүүхэд бэртэж гэмтэх, осгохоос эхлээд эрүүл мэнд, амь насанд хохирол учирдаг. Тийм учраас бид өвлийн уралдааныг хориглохыг шаардаж байна” гэв.

Холбооны удирдах зөвлөлийн гишүүн Ш.Одгэрэл “Монголчуудын соёлын нэг том зүйл төрөл хурдан морин уралдаан. Бид энэ соёлынхоо үнэт зүйл рүү дайрч байгаа хэрэг биш. Гэхдээ энэ уралдаан соёлын гэхээсээ илүү арилжааны шинжтэй болсон байна. Монголчууд уламжлалдаа өвөл морь уралдуулж байсан түүх байдаггүй. Сүүлийн хэдэн жил өвлийн морин уралдааныг ихэд зохион байгуулах болжээ" гэв.

Тиймээс Хүүхдийн төлөө байгууллагуудын үндэсний нэгдсэн холбоо Дүнжингарав өвлийн уралдааныг бүрэн хориглохыг шаардаж, Хүүхдийн төлөө Үндэсний газрыг ч үйл ажиллагаагаа идэвхжүүлж, хүүхдийн эрх зөрчигдөхөөс хамгаалахыг сануулав. 

С.Сайнзаяа

Холбоотой мэдээ