Хилчин бүсгүй тусламж хүслээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
erdenechimeg@montsame.mn
2016-02-25 09:15:08

Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сум дахь ХЦ-ийн 0101-р тусгай ангид холбоочноор 15 жил ажиллаж, эх орныхоо торгон хилийн манаанд соргогоор зогсож яваа хилчин И.Пүрэвсүрэн бүсгүй элэг нэгт монгол ахан дүү нараасаа хандив хүслээ.

Хилчин бүсгүй 100 хувь элэг шилжүүлэн суулгах мэс засалд орох шаардлагатай болсон учраас ийнхүү ард түмнээсээ тусламжийн гараа сунгахыг гуйж байгаа юм.  И.Пүрэвсүрэн 2014 оны 12 дугаар сараас эхлэн муудаж, Улаанбаатар хотод ирж элэгний хатуурал гэсэн өвчтэй болсноо мэдсэн байна. Тэрбээр өвчтэй болсон хэдий ч эмчилгээндээ явахын зэрэгцээ албан үүргээ хариуцлагатайгаар гүйцэтгэсээр иржээ. Гэвч өнгөрсөн оны сүүлээр биеийн байдал нь дордож, нийслэлийн нэгдүгээр эмнэлэгт ирж үзүүлсэн ч элэг шилжүүлэн суулгахаас өөр аргагүй гэдэг хариултыг авсан байна.

2014 онд анх бие нь өвдөхөд элэгний өвчлөлийн хоёрдугаар шатанд явж байсан ч одоо дөрөвдүгээр шат хүртлээ муудсан аж. Тэрээр элгээ өгөх донор хайсаар төрсөн хүүгээсээ авах хувь тохиосон байна. Цаг хугацаа түүнийг хүлээхгүй, яаралтай элэг шилжүүлэн суулгах мэс засал хийхгүй бол судас хагарч амь насанд нь аюул нүүрлэх учраас тэрээр ийнхүү монголын ард түмнээсээ тусламж хүсчээ.

Сэлэнгэ аймаг Ч.Отгонцэцэг

Холбоотой мэдээ