Элиуд Кипчоге дэлхийн дээд амжилтыг шинэчлэн тогтоожээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | СПОРТ
nyamtulga@montsame.gov.mn
2018-09-17 14:22:03
twitter.com/Nyamkanmk

БЕРЛИН. /CNN/. Кенийн гүйлтийн тамирчин, Олимпын аварга Элиуд Кипчоге өчигдөр Берлиний марафонд 2 цаг 1 минут 39 секундийн амжилт гарган дэлхийн дээд амжилтыг шинэчилсэн байна.


"Түүний энэ амжилт хэдэн арван жилийн турш хадгалагдана. Элиуд Кипчоге бол бүх цаг үеийн хамгийн шилдэг гүйгч юм" гэж Берлиний марафоныг зохион байгуулагчид твиттер хуудсаараа жиргэжээ.


Өдгөө гучин гурван настай Элиуд Кипчоге нь сүүлийн тавин жилд эвдэгдээгүй дээд амжилтыг нэг минут гаран хугацаагаар шинэчлэн тогтоосон байна.


Зохион байгуулагчид эхэндээ түүний амжилтыг 2 цаг 1 минут 40 секунд гэж дүгнэсэн боловч дараа нь түүний хугацааг 1 секундээр багасган 2 цаг 1 минут 39 секунд гэж албан ёсоор тогтоожээ.


Элиуд Кипчоге уралдааны дараа ярилцлага өгөхдөө, "ямар мэдрэмж төрж байгаагаа үгээр илэрхийлж чадахгүй байна. Үнэхээр хүнд байсан хэдий ч би энэ уралдаанд сайн бэлтгэсэн байсан. Би өөрийгөө маш их дайчилж бэлтгэсэн нь намайг өнөөдөр ийм амжилтад хүргэлээ" гэж хэлэв.


Уг марафон гүйлтийн хоёрдугаар байрт Кенийн тамирчин Амос Кипруто 2 цаг 6 минут 23 секундийн амжилттайгаар орсон бол гуравдугаар байрт мөн Кенийн тамирчин Уилсон Кипсанг 2 цаг 6 минут 48 секундийн амжилттайгаар шалгарчээ.


Элиуд Кипчоге карьерийнхаа туршид марафон гүйлтийн 11 тэмцээнд оролцохдоо 10-т нь түрүүлж байсан бөгөөд ганц түрүүлээгүй тэмцээн нь таван жилийн өмнөх Берлиний марафон ажээ.

Холбоотой мэдээ