Хууль зүйн мэдээллийг ”e-khutuch” цахим хуудсаар авах боломжтой

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
otgontsetseg@montsame.mn
2018-09-19 16:17:59

Сэлэнгэ/МОНЦАМЭ/. Шинээр үүсгэж буй ”e-khutuch” цахим хуудасны туршилтын явц байдлын талаар төрийн албан хаагчид, иргэдэд таниулан сурталчлах сургалт есдүгээр сарын 17-нд  Сэлэнгэ аймгийн төвд боллоо.

Цахим хуудас нь иргэдэд хууль зүйн мэдээллийг тогтмол хугацаанд хамгийн ойлгомжтой хэлбэрээр хүргэхээс гадна иргэдийн асуусан асуултад тухай бүр хариулж, зөвлөгөө өгч байх онцлогтой аж.  

Монгол Улсын Засгийн газрын 2018 оны 50 дугаар тогтоолоор батлагдсан “Бүх нийтийн эрх зүйн боловсролыг дээшлүүлэх үндэсний хөтөлбөр”-ийг хэрэгжүүлэх ажлын хүрээнд аймгийн ЗДТГ-аас  Хууль зүйн үндэсний хүрээлэнтэй хамтран энэхүү сургалтыг зохион байгуулсан юм.

Энэ удаагийн сургалтын ач холбогдол нь шинээр бий болгож байгаа хууль зүйн зөвлөгөө, мэдээлэл сурталчилгааны ”e-khutuch” цахим хуудасны баяжилтыг тогтмол хугацаанд байршуулж байх хүмүүсийг чадавхжуулах, цаашлаад цахим хуудсаар дамжуулан олон нийтэд эрх зүйн мэдээ мэдээллийг нэгтгэж хүргэх, мэдээллийг төвлөрүүлэх, төрийн байгууллагын үйлчилгээг иргэдэд хүндрэл чирэгдэлгүй хүргэхэд оршиж байв.  

Ч.Отгонцэцэг

Холбоотой мэдээ