Монгол Улсын Зэвсэгт хүчний бие бүрэлдэхүүн Афганистанд үүргээ нэр төртэй гүйцэтгэж буйд баяр хүргэв

МОНГОЛЫН МЭДЭЭ | ГХЯ-НЫ МЭДЭЭ
ariunbold@montsame.gov.mn
2018-09-24 14:38:59

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар энэ сарын 21-нд АНУ-ын Төрийн департаментын Зүүн Ази, Номхон далайн орнуудын асуудал хариуцсан Туслах нарийн бичгийн даргын үүрэг гүйцэтгэгч Патрик Мерфитэй уулзаж, хоёр талын харилцаа, хамтын ажиллагаа, олон улс, бүс нутгийн харилцааны харилцан сонирхсон асуудлаар ярилцав.


Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн АНУ-д хийж буй албан ёсны айлчлал амжилттай болж байгаад сэтгэл хангалуун байгаагаа талууд илэрхийлэв. Ерөнхий сайдын айлчлалын дүнд хоёр талын харилцаа Өргөтгөсөн иж бүрэн түншлэлийн түвшинд хүрсэн, Монгол, АНУ-ын хоорондын эдийн засгийн өргөтгөсөн түншлэлийн тухай замын зураглалыг тохирсон, Монгол Улсын Засгийн газар, АНУ-ын МСК-ийн хооронд 350 сая ам.долларын Хоёр дахь Компакт гэрээ байгуулсан зэрэг хоёр талын харилцаанд чухал түлхэц болохуйц үйл явдал болсныг хоёр тал сайшаан тэмдэглэж, харилцаа хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэхийн төлөө тууштай байхаа харилцан нотлов.

Ноён Патрик Мерфи Монгол Улс Солонгосын хойгийг цөмийн зэвсгээс ангижруулах үйл явцыг дэмжиж, хувь нэмрээ оруулж байгаад талархал илэрхийлж, Монгол Улсын Зэвсэгт хүчний бие бүрэлдэхүүн Афганистан дахь үүргээ нэр хүндтэй гүйцэтгэж байгаад баяр хүргэв. Тэрээр Флоренс хар салхинд өртөгсдөд Монголын Засгийн газар тусламж үзүүлэхээр болсонд талархал илэрхийлэв.


Сайд Д.Цогтбаатар Монгол Улс дэлхий дахины энхтайван, тогтвортой байдлын төлөө тууштай байгааг нотолж, цаашид ч гэсэн энэхүү хамтын нийгэмлэгийн хүчин чармайлтад хувь нэмрээ оруулж, АНУ зэрэг түнш орнуудтай хамтран ажиллах эрмэлзэлтэй байгаагаа тэмдэглэв.


Холбоотой мэдээ