Гамшгаас хамгаалах иж бүрэн сургууль эхэллээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СҮХБААТАРСүхбаатар /МОНЦАМЭ/. Баруун-Урт суманд есдүгээр сарын 25-ны өглөө 06 цаг 30 минутад зарлан мэдээллийн дуут дохио дуугарсанаар гамшгаас хамгаалах иж бүрэн сургууль албан ёсоор эхэллээ. Сургуулийн үйл ажиллагааны нээлтэ ОБЕГ-ын дэд дарга, хурандаа Б.Ууганбаяр, аймгийн засаг дарга Ж.Эрдэнэбаатар, аймгийн ОБГ-ын дарга, хурандаа Т.Энхбаатар болон онцгой комиссын гишүүд, агентлаг албадын дарга нар, мэргэжлийн анги, албадууд зэрэг 700 гаруй хүн оролцов.
Сургуулийн удирдагч болоод комиссын гишүүд сургуулийн эхэнд мэргэжлийн анги албадуудын жагсаалын үзлэг, бэлтгэл бэлэн байдлыг шалгав. “Мэргэжлийн албаны хувийн бэлтгэл сайн хангагдсан. Өглөө сургууль албан ёсоор эхлэхэд жагсаалын үзлэгт ямар нэг алдаа гарсангүй. Аранзанд байх 15 нэр төрлийн эд зүйлсийн ач холбогдол, хэрэглээг бүрэн хангасан. Ганц сониныг гамшиг ослын үед хичнээн төрлөөр ашиглаж болохыг давхар тайлбарлан таниуллаа. Ер нь бүгд сайн бэлдэж, сайн хөдөлмөрлөсөн” гэж сургуулийн удирдагч, ОБЕГ-ын дэд дарга, хурандаа Б.Ууганбаяр хэлэв.
Харин аймгийн засаг дарга Ж.Эрдэнэбаатар “Жагсаалын бэлтгэл, бэлэн байдал үнэхээр сайн хангагдсан байна. Гэхдээ хамгийн гол нь энэ удаад ингээд шалгуулаад орхих бус, цаашид манай аймагт учирч болох гамшиг ослын үед бүх мэргэжлийн анги албадууд мэргэжлийн түвшинд, байнгын бэлэн байдалд байх нь чухал” гэв.
Энэ өдөр учирсан гамшгаас аврах, эрэн хайх үйл ажиллагаа, штабын дадлага ажил, хээр дэлгэсэн хүн болон мал эмнэлгийн үйл ажиллагаатай танилцах зэрэг арга хэмжээ болно. Таван жилийн өмнө тус аймагт команд штабын сургууль болж байсан бол энэ удаагийнх шиг өргөн бүрэлдэхүүнтэй иж бүрэн сургууль сүүлийн 20 орчим жил болоогүй аж.
Т.Одончимэг