Туркийн инфляцийн түвшин 25 хувьд хүрчээ
ДЭЛХИЙН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГАНКАРА. /NHK/. Энэ оны есдүгээр сарын байдлаар Туркийн инфляцийн түвшин 25 орчим хувьд хүрсэн тухай тус улсын Статистикийн хорооноос лхагва гарагт гаргасан Хэрэглээний үнийн индексийн тайланд мэдээлжээ.
Сүүлийн 15 жилийн турш байгаагүй хамгийн өндөр түвшинд хүрсэн нь энэ бөгөөд хэрэглээний үнийн индексийн жилийн өсөлт 24.5 хувьд хүрсэн байна. 2018 оны эхэн үеэс эхлэн Туркийн мөнгөн тэмдэгтийн ханш /лир/ 40 орчим хувиар унаад байгаа нь инфляцийн түвшинг хоёр оронтой тоо руу ороход ихээхэн нөлөөлсөн ажээ.
Лирийн ханш буурсан нь импортын барааны үнийг нэмэгдэхэд хүргэсэн бөгөөд жилийн өмнөх үетэй харьцуулахад тавилга болон бусад гэр ахуйн хэрэгслийн үнэ 40 орчим хувиар нэмэгдсэн байна. Өнгөрсөн сард Туркийн төв банк үнийг тогтвортой болгон инфляцийн түвшинг барих зорилгоор бодлогын хүүгээ өсгөсөн билээ.
Э.Хулан