"С-400" цогцолборыг Энэтхэгт нийлүүлэх гэрээ байгууллаа

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
Jargal.d@montsame.mn
2018-10-05 21:09:47


МОСКВА. /РИА Новости/. ОХУ-ын зенитийн пуужингийн "С-400" цогцолборыг Энэтхэг улсад нийлүүлэх гэрээ байгууллаа. Энэ тухай ОХУ-ын Ерөнхийлөгчийн хэвлэлийн нарийн бичгийн дарга Дмитрий Песков мэдээлжээ. 

Холбогдох гэрээнд талууд ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путины Энэтхэгт хийж буй айлчлалын үер гарын үсэг зурсан байна. 

Владимир Путин, Нарендра Моди нар хоёр орны олон жилийн түүхтэй, харилцан ашигтай, илтгэлцэл хүлээсэн цэрэг-техникийн хамтын ажиллагааг цаашид тууштай хөгжүүлнэ гэдгийг онцлон тэмдэглэсэн байна. 

Зенитийн пуужингийн таван шинэ системийг Энэтхэг улс 5 тэрбум 43 сая ам.доллараар худадалдан авч байгаа юм. Тус улс "С-400" цогцолборыг худалдан авсан  гадаадын гурав дахь орон болж байна. Өмнө нь уг цогцолборыг Хятад болон Турк улс худалдан авчээ. 

"С-400" нь алсын тусгалтай шинэ үеийн зенитийн пуужингийн цогцолбор юм. Нисэх онгоц, дунд тусгалын далавчит болон баллистик пуужинг устгах зориулалттай бөгөөд мөн газрын объектуудыг ч устгах чадалтай байна. Уг систем 400 хүртэл км-т тусдаг ба 30 км өндөрт байг устгадаг.

Энэтхэгт "С-400" цогцолборыг нийлүүлэх тохиролцоонд Путин, Моди нар 2016 онд хүрчээ. 

ОХУ болон Энэтхэг улс цэрэг-техникийн салбарт томоохон хамтын ажиллагаа явуулдаг бөгөөд Энэтхэгийн арми, Агаарын цэргийн хүчин, Тэнгисийн цэргийн хүчний зэр зэвсэг, байлдааны техникүүдийн 70 гаруй хувь нь Оросын болон Зөвлөлтийн үед үйлдвэрлэсэн зэвсгүүд юм. ОХУ жил бүр хэдэн тэрбум ам.долларын техник, зэвсгийг Энэтхэгт нийлүүлдэг байна. 


Холбоотой мэдээ