Цэргийн алба хаагчийн тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ
МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨРУлаанбаатар /МОНЦАМЭ/. УИХ-ын Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар Цэргийн алба хаагчийн тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцлээ.
“Цэргийн алба хаагчийн тэтгэвэр, тэтгэмжийн тухай” хуульд цэргийн алба
хаагчийн тэтгэвэр тогтооход сарын дундаж цалин хөлсийг сүүлийн таван жилийн
цалинг 60 сард хуваан тооцдог байжээ. УИХ-аас “Нийгмийн даатгалын сангаас олгох
тэтгэвэр, тэтгэмжийн тухай” хуульд 2018 оны хоёрдугаар сард нэмэлт, өөрчлөлт
оруулахад “Цэргийн алба хаагчийн тэтгэвэр, тэтгэмжийн тухай” хуулийг мөн өөрчилсөн
байна. Ингэхдээ сарын дундаж цалинг 2019 оноос зургаан жил буюу 72 сар, 2020
оноос 7 жил буюу 84 сарын цалингийн нийлбэрийн дунджаас тооцохоор болжээ. Энэ
нь 2019 оноос тэтгэвэрт гарах алба хаагчдад хохиролтой хэмээн хууль санаачлагч С.Бямбацогт
танилцуулав. Тухайлбал, тэтгэвэрт гаруй буй ахмад нэг сард 33512 төгрөг, офицер
48787-70081 төгрөг, ахлах офицер 35831 төгрөгийн алдагал хүлээнэ хэмээн
тооцжээ. Тиймээс “7 жилийн цалин хөлсний нийлбэрийг 84-т” гэснийг “5 жилийн
цалин хөлсний нийлбэрийг 60-д гэж”, “7 хүртэл жил” гэснийг “5 хүртэл жил” гэж
өөрчлөхөөр тусгажээ.
Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асууж, санал хэллээ.
Тухайлбал Я.Санжмятав гишүүн хууль баталсан тохиолдолд хэзээнээс дагаж,
мөрдөж эхлэхийг тодруулав. Мөн Засгийн газраас өргөн барьсан ирэх оны төсвийн
төсөлд энэ хуулийн хүрээнд зарцуулах хөрөнгийг тусгаагүй байгааг дурьдлаа. Хуулийн
төслийг баталсан тохиолдолд ирэх оны нэгдүгээр сараас хэрэгжүүлэхээр тусгасан
гэдгийг С.Бямбацогт тайлбарлаад, “Энэ хуулийг нэн даруй батлах хэрэгтэй.
Дараа нь шаардагдах хөрөнгийг ирэх оны төсвийн төсөлд тусгах боломжтой” гэв.
Ийнхүү санал хураалт явуулахад хуралдаанд оролцсон гишүүдийн 76.9 хувь
хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжиж, санал дүгнэлтээ чуулганы нэгдсэн хуралдаанд
танилцуулахаар тогтов.