Иргэд эмийн зохистой хэрэглээнд суралцана

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОГОВЬ
erdenebulgan@montsame.mn
2016-02-29 17:13:58

Дорноговь аймгийн Мэргэжлийн хяналтын газар, аймгийн Эрүүл мэндийн газар, Монголын эм зүйн байгууллагуудын нэгдсэн эм холбооны Дорноговь аймаг дахь салбар "Эм холбоо" хамтран  "Эмийн зохистой хэрэглээ" нэг сарын аяныг  гуравдугаар сарын 01-нээс  өрнүүлж эхэллээ.

Тус аянаар  Монгол Улсад  бүртгэгдсэн, чанар стандарт шаардлагыг хангасан  эмийг хэрэглэж хэвших, эмийг хэрэглэхдээ зайлшгүй эмчийн жорын дагуу хэрэглэж байх, эмийн зохисгүй хэрэглээг тэвчих, сэрэмжлүүлэх зэрэг ард иргэдэд нэн шаардлагатай мэдээллийг мэргэжлийн байгууллагын албан хаагчид өгөх юм.

Дорноговь аймгийн Мэргэжлийн хяналтын газраас явуулсан хяналт шалгалтаар 2015 онд иргэдийн гар дээр байсан хуурамч, бүртгэлгүй 10 төрлийн эмийг илрүүлж хураасан аж. “Иргэд  зарим тохиолдолд гарал үүслийн байдал, үйлдвэрлэсэн он сар нь  тодорхойгүй, бүртгэлгүй, баталгаагүй  эмийг гаднаас худалдан авдаг нь  эрүүл мэндээрээ хохирох, эмийн гаж нөлөөнд автах эрсдлийг бий болгож байна.

Тиймээс энэхүү аянаар  иргэд эмийн тухай дэлгэрэнгүй мэдээллийг олж авах, ажил амьдралдаа хэвшүүлэх боломжтой хэмээн аймгийн МХГ-ын Эм био бэлдмэлийн улсын байцаагч Д. Отгонтуяа ярив. Албаныхан дээрх аяныг Замын-Үүд, Улаанбадрах, Мандах, Сайхандулаан зэрэг суманд зохион байгуулахаар  төлөвлөв.

Х.Эрдэнэбулган

Холбоотой мэдээ