Ашиглалтын шаардлага хангахгүй дөрвөн орон сууцыг буулгаж шинийг барина

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯН-ӨЛГИЙ
bayanulgii@montsame.gov.mn
2018-10-11 12:10:15

Баян-Өлгий /МОНЦАМЭ/. Баян-Өлгий аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ээлжит VI хуралдаанаас ашиглалтын шаардлага хангахгүй болсон хуучин орон сууцнуудыг оршин суугчдын саналыг үндэслэн буулгаж, шинээр барих ажлыг зохион байгуулах зөвшөөрлийг аймгийн Засаг даргад олголоо.


Тэрбээр Өлгий сумын тавдугаар багийн нутаг дэвсгэрт байгаа 1-36, 11 дүгээр багийн 1-24, 2-36 айлын болон Мэргэжлийн сургалт, үйлдвэрлэлийн төвийн дотуур байрны дэргэдэх 1-15 айлын орон сууц барих төсөл хэрэгжүүлэх талбайн хэмжээ, хил заагийг баталж өглөө.


"Ашиглалтын шаардлага хангахгүй нийтийн  зориулалттай орон сууцны барилгыг буулган шинээр барих ажлыг төр-иргэн-гүйцэтгэгч компанийн хооронд байгуулсан гурвалсан гэрээний үндсэнд хэрэгжүүлнэ. Оршин суугчид зөвшөөрсөн. Уг ажилд зориулж Засгийн газраас тодорхой хэмжээний санхүүжилт олгохоо мэдэгдсэн" гэдгийг аймгийн Засаг даргын орлогч Ш.Хавал хуралдааны үеэр онцоллоо.


Харин дээрх ажил хэзээнээс хэрэгжиж эхлэх нь хараахан тодорхойгүй байна.


Дашрамд дурдахад, Хот, суурин газрыг дахин хөгжүүлэх тухай хуулийн 16 дугаар зүйлд заасан ашиглалтын шаардлага хангахгүй барилга байгууламжийг буулган шинээр барих ажлыг зохицуулах журмыг Барилга, хот байгуулалтын сайдын 2016 оны 126 тоот тушаалаар батлаад байгаа билээ. 


Ө.Нурболат

Холбоотой мэдээ