Албан тушаалтны буруугаас үүссэн өрийг төсвийн мөнгөөр төлөх ёсгүй гэв

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯН-ӨЛГИЙ
bayanulgii@montsame.gov.mn
2018-10-11 15:19:40

Баян-Өлгий /МОНЦАМЭ/. Шүүхийн шийдвэрээр тогтоогдсон албан тушаалтны буруутай үйлдлээс үүдэлтэй өглөгүүдийг төсвийн мөнгөнөөс гаргаж болохгүй хэмээн аймгийн ИТХ-ын төлөөлөгч Е.Зангар өчигдөр болсон аймгийн ИТХ-ын ээлжит VI хуралдааны үеэр хэллээ.


Аймгийн 2017 оны орон нутгийн төсвийн үлдэгдлээс санхүүжүүлэх урсгал зардал, төсөл арга хэмжээнүүдийн жагсаалтад шүүхээс ажилдаа эргүүлэн томилох шийдвэр гарснаас ажилгүй байсан хугацааны цалингаа нөхөн авах нөхцөл байдал үүссэн зарим иргэдийг асуудлыг оруулсныг ийнхүү шүүмжилсэн юм.


Тэрээр, "Иргэн, хуулийн этгээдийн хохирлыг барагдуулсны улмаас өөрт учирсан хохирлыг захиргааны байгууллага буруутай албан тушаалтнаар буцааж төлүүлнэ гэсэн хуулийн заалттай. Гэвч шийдвэр гаргасан хүмүүс нь тодорхой байна. Тийм учраас энэ мэт мөнгөний асуудлыг орон нутгийн төсөвт тусгах шаардлагагүй" гэв.


Дашрамд хэлэхэд, Баян-Өлгий аймагт сүүлийн таван жилийн хугацаанд ажлаас үндэслэлгүй халагдсан хүмүүст 571,7 сая төгрөгийг шүүхийн шийдвэрийн дагуу төсвөөс төлөөд байгаа юм.  


Ө.Нурболат

Холбоотой мэдээ