Л.Ишдорж: Сумын төвөөс алслагдсан малчид хоршооллын ач тусыг мэддэггүй

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
boloroo8136@gmail.com
2018-10-15 14:34:42

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монголын ХААН-н хоршоологчдын үндэсний холбоо /ХААХҮХ/  нь 21 аймаг, нийслэлд 480 гаруй анхан шатны хоршоо, 10 дундын хоршоог эгнээндээ нэгтгэсэн, Олон улсын хоршооллын холбооны гишүүн, томоохон мэргэжлийн холбоодын нэг юм. Энэхүү холбооны 8 дугаар их хурал өнөөдөр Чингис хаан зочид буудлын хурлын танхимд нээлтээ хийв.

ХАА-н хоршооллын хөдөлгөөнийг эрчимжүүлэх зорилгоор ХААХҮХ-оос 2014-2022 онд хэрэгжүүлэх бодлогын баримт бичгийг 7 дугаар  их хурлаараа баталсан аж. Энэ удаагийн Их хурлаар энэхүү баримт бичгийн дунд хугацааны үр дүн, үндэсний холбооны дүрэмд нэмэлт өөрчлөлт оруулах зэрэг томоохон баримт бичгүүдийг хэлэлцэн батална. Дүрмийн нэмэлт өөрчлөлт баталснаар ХАА-н хоршооллын хөдөлгөөний үүрэг, хариуцлага бүх шатанд дээшилж, шинэчлэл хөгжлийн замд хөтлөхөд чухал алхам болно гэдэгт бүрэн итгэлтэй байгаагаа төлөөлөгчид илэрхийлж байв. Их хурал нь Үндэсний холбооны удирдах дээд байгууллага бөгөөд 4 жил тутамд хуралдаж, хоёр их хурлын хооронд хийсэн ажилаа тайлагнан, өмнөх хурлын шийдвэрийн хэрэгжилтийг үнэлж дүгнэн дараагийн 4 жилд баримтлах бодлогоо тодорхойлдог аж. Мөн их хурлаас үндэсний холбооны ерөнхийлөгч, удирдах зөвлөл, хяналтын зөвлөлийн бүрэлдэхүүнийг сонгодог байна.

Дорноговь аймгийн Алтанширээ сумын “Олон ширээ” хоршооны захирал Л.Ишдорж хэлэхдээ: “ХАА-н салбар ялангуяа малчдыг хоршоонд хамруулах тал дээр учир дутагдалтай байна. Сумаас 200 км-т амьдарч буй малчдын амьдралд хоршоо яаж тус болох вэ, хэрхэн нөлөөлөх вэ гэдгийг мэддэггүй.Энэ удаагийн их хурал Монголын ХАА-н хоршоологчдын үндэсний холбоо цаашид улам хүчирхэгжин нэгдэх, сум аймаг дүүрэг хоорндоо нягт хамтран ажиллах, бүх нийтэд хоршооллын давуу талыг суртачлах чухал эхлэлийг тавьсан шинэчлэлийн их хурал болно гэж хоршоологчид бид найдаж байна” гэлээ.

Мөн хурлын үеэр ажил үйлсээрээ шалгарсан шилдэг тэргүүний хоршоологчдыг Төр засгийн болон Үндэсний холбооны нэрэмжит шагналаар шагнаж  урамшуулна. Их хурал маргааш үргэлжилнэ.


О.Мөнхжаргал

Холбоотой мэдээ