Долоо хоног тутамд дунджаар 20 хүн баривчлагдаж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨВӨРХАНГАЙ
batchimeg@montsame.mn
2018-10-15 18:19:07

Өвөрхангай /МОНЦАМЭ/. Өчигдөр буюу 10 дугаар сарын 14-ний өдөр аймгийн Цагдаагийн газарт таван дуудлага иржээ. Үүнээс гурав нь Арвайхээрт, хоёр нь Хархорин суманд бүртгэгдсэн бөгөөд согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон гурав, гэмт хэргийн шинжтэй нэг зөрчил илэрсэн байна.

Тус өдөр хоёр хүн эрүүлжүүлэгдэж, таван хүн саатуулагдсан ба 21 хүн баривчлагджээ. 2018 он гарсаар аймгийн Цагдаагийн газарт долоо хоног тутамд дунджаар 20 хүн, сард 80 гаруй хүн баривчлагдаж байгаа юм. Үүний учир шалтгааныг Цагдаагийн газрын Олон нийттэй харилцах ажил хариуцсан ахлах байцаагч, цагдаагийн ахмад Б.Туяацэцэгээс тодруулахад "Гэр бүлийн хүчирхийлэл, бусдын эд зүйлийг хулгайлах, эвдэх, олон нийтийн амар тайван байдлыг алдагдуулах зэрэг шалтгаанаар баривчлагддаг" гэлээ.

Он гарсаар 834 хүн баривчлагдсанаас согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 748, гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн 47, бусдын өмчид халдаж, эд зүйлийг хулгайлсан 12, бусад хэрэг, зөрчил үйлдсэн 27 хүн байгаа аж.

Б.Батчимэг
Холбоотой мэдээ