Бөхийн чөлөөт барилдааны өсвөр үеийн олон хотын нөхөрлөл тэмцээн эхэллээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
erdenechimeg@montsame.mn
2016-03-01 17:41:14

Эх орончдын баярын энэ өдөр Жанжин Д.Сүхбаатарын нэрэмжит бөхийн чөлөөт барилдааны өсвөр үеийн олон хотын нөхөрлөл тэмцээн Сэлэнгэ аймгийн БТС-ын ордонд эхэллээ.

39 дэх жилдээ зохиогдож буй уг тэмцээнд ОХУ-ын Буриад улсын Улан-Үд, Зэд, Хиагт, БНХАУ-ын ӨМӨЗО-ны тамирчид болон Монгол Улсын Улаанбаатар хот, Дархан-Уул, Орхон, Сэлэнгэ, Төв, Сүхбаатар, Булган, Өмнөговь, Архангай, Өвөрхангай, Баянхонгор аймгуудын спорт хороо, клуб, спорт сургуулийн нийт 31 багийн 500-гаад тамирчид оролцож байна.

Энэхүү тэмцээн эмэгтэй 7, эрэгтэй 10 жинд өнөөдөр маргааш бүтэн хоёр өдрийн турш үргэлжлэн явагдах юм. Уг тэмцээнд маш их тамирчид оролцдог, шинээр төрөн гардаг хэмээн ерөнхий шүүгч спортын мастер С.Батсүх онцоллоо.

Жил бүрийн энэ өдөр зохиогддог энэхүү тэмцээн нь улсын аваргын өмнөх сорил тэмцээн болдгоороо тамирчдад давуу боломжийг олгодог байна. Энэ тэмцээнд эхний гуравт орсон тамррчид цаашид улсын аваргад орох эрхээ авдаг ажээ. 

Энэ жилийн тэмцээний үеэр Хүн төрөлхтний эв нэгдлийн их наадам “Рио Де Жанейро-2016” олимпийн наадмыг угтсан олимпийн шилжин явах цом Сэлэнгэ аймагт хүрэлцэн ирсэнийг аймгийн Засаг даргын орлогч Н.Батдоржид гардуулан өглөө. Жанжин Д.Сүхбаатарын нэрэмжит бөхийн чөлөөт барилааны өсвөр үеийн олон хотын нөхөрлөл тэмцээнийг аймгийн ЗДТГ, Сүхбаатар сумын ЗДТГ, аймгийн БТСГ-ууд хамтран зохион байгуулж байгаа бөгөөд тэмцээний нээлтэнд аймгийн Засаг даргын орлогч Н.Батдорж оролцлоо.

Сэлэнгэ аймаг.Ч.Отгонцэцэг

Холбоотой мэдээ