Б.Атартулга:Тариалангийн талбай руу мал оруулахгүй байхад анхаарах нь чухал
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭСэлэнгэ/МОНЦАМЭ/.Сэлэнгэ аймгийн Хушаат сум өнгөрсөн жилийн хувьд хамгийн
их ургац хураасан амжилтыг аймагтаа төдийгүй улсдаа үзүүлсэн. Сумын
Засаг дарга Б.Атартулгатай уулзаж, намрын ургац хураалт болоод сум орон
нутгийн ажил үйлс хэрхэн өрнөж буй талаар тодрууллаа.
-Сайн байна уу, сайхан намаржиж байна уу?
-Сайн, сайн. Та бүхэн сайхан намаржиж байна уу?
-Хушаат сум өнгөрсөн жил арвин их ургац хурааж авсан амжилтаараа
манлайлсан. Одоо намрын их ажил шувтрах шатандаа оржээ. Танай сумын хувьд ургац хураалт ямархуу байна. Байгаль цаг уурын хүчин зүйлс хэр
нөлөөлөв. Хичнээн га-д тариалав?
-Манай сум энэ жил 12000 га-д тариалалт хийсэн. 2600 га-д тосны ургамал, 200 га-д тэжээлийн ургамал тариалсан. Улаанбуудай 8600 га-д тариалсан. Ар тойлбо, Ар сүүжийн хойд хэсэг зэрэг газраар өдөр нь бороо, шөнө нь цас орж, энэ хавийн талбайн будаа нэлээд налсан байсан.
Иймд тариагаа иш өргөгч техник
хэрэглэн хурааж байна. Таваас зургадугаар сард огт хур бороо ороогүй учраас нийт 900
орчим га газрын тариаг хураах боломжгүй болсон. Иймд үүнийгээ тэжээлийн ургамал
руу шилжүүлсэн байгаа. Энэ жил бид 17.6
цн ургац авна гэж тооцож байгаа.
-Сум орон нутгийн болоод малчдын өвөлжилтийн бэлтгэл ажлыг хэрхэн хангаж байна. Хичнээн тооны мал өвөлжих вэ?
-Засгийн газар болон аймгийн Засаг даргын өгсөн албан даалгаврын дагуу сум, орон нутгийн өвөлжилтийн бэлтгэл ажлыг хангасан. Манай сумын хувьд төсөвт байгууллагынхаа халаалтын бэлтгэл ажлыг бүгдийг хийгээд дууссан. Мал аж ахуйн чиглэлийн хүрээнд малчид өвс тэжээлээ авах нөөцлөх ажлаа 87 орчим хувьтай бэлтгэлээ.
Талбай дээрээс татаагүй өвс бий. Манайх сүүлийн хэдэн жил бизнесийн хадлан бэлтгэдэг болсон. Энэ жил га-г найман цн-ээр тооцож 51 иргэн, аж ахуйн нэгжтэй гэрээ байгуулаад бизнесийн хадлан авч байна. Малын тарилга туулга, вакцинжуулалтыг төлөвлөгөөний дагуу хийсэн.
Харин одоо өвөлжөө бууцны ариутгал хийж байна. Үндсэндээ МАА-н өвөлжилтийн бэлтгэл ажил өндөр хувьтай хангасан гэж үзэж болно. Гэхдээ манай малчдын өөрсдийн санал санаачилга маш чухал. Халдварт болон халдварт бус өвчнөөс урьдчилан сэргийлэх зорилгоор гаднаас отрын мал оруулж ирэхгүй байх хэрэгтэй.
Жилийн өмнө сумын Засаг даргын захирамжаар гаднаас мал оруулж ирэхийг хориглосон. Энэ талаар Сэлэнгэ аймгийн ИТХ-ын 21 дүгээр тогтоол ч бий. Тогтоолд малын механик өсөлтийг зогсоох, үхрийн эрчимжсэн аж ахуйг хөгжүүлэх гэж заасан байгаа.
-Сумын хэмжээнд тулгамдсан ямар асуудал байна. Шийдвэрлэх талаар хэрхэн ажиллаж байгаа бол?
-Тулгамдсан хэд хэдэн асуудал байсан. Тухайлбал, талбайд чийгтэй ирж байгаа будааг үтрэм дээр хуурай болгох ажил. Үүнийг шийдвэрлэхийн тулд Дарханы цахилгаан түгээх сүлжээ компанитай хамтраад сумын төвд байрлалтай найман аж ахуйн нэгжийн үтрэмийн цахилгааны асуудлыг шийдвэрлэлээ.
Бид энэ жил 17.6 цн ургац авна гэж тооцож байгаа. Энэ өндөр тоо. Тийм учраас будаагаа хадгалах агуулах хэрэгтэй байсан. Үүнийг Ар сүүж, хуучин болон шинэ төвд байгаа үтрэмийн агуулахыг ариутгаж шийдвэрлэсэн.
Бас нэг чухал асуудал бол таримал ургамлаа малаас хамгаалах явдал. Энд хүндрэл бэрхшээл ч их гарч байна. Малчидтай байсхийгээд л уулздаг. Тэнд малаа хариулгатай байлгаач ээ, бас хариуцлагатай байгаачээ гэж байнга л хэлдэг. Иймээс тариалангийн талбай руу мал оруулахгүй байхад анхаарах нь чухал болоод байна. Энэ жил манай сумын хэмжээнд 77000 толгой мал өвөлжинө.
Ч.Отгонцэцэг