Засгийн газар ТОСК-ийг өөрчлөн байгуулах асуудлыг хэлэлцэнэ

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
ariunbold@montsame.gov.mn
2018-10-30 16:38:37

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Засгийн газрын ээлжит хуралдаан маргааш буюу энэ сарын 31-нд болно. Уг хуралдаанаар нийт 20 асуудал хэлэлцэхээр товлосон байна.

Тухайлбал хэлэлцэх асуудлын жагсаалтын эхэнд Төрийн орон сууцны корпораци (ТОСК) төрийн өмчит үйлдвэрийн газрыг өөрчлөн байгуулах тухай, Концессын гэрээ байгуулах зөвшөөрөл олгох, тогтоолын хавсралтад өөрчлөлт оруулах асуудал багтжээ.

Мөн Монгол Улсын нутаг дэвсгэрт иргэн шилжин суурьших хөдөлгөөнийг бүртгэх, мэдээлэх журам батлах тухай, Инновацийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Албан журмаар баяжуулах хүнсний жагсаалт батлах тухай хэлэлцэх юм.

Түүнчлэн Тавантолгой-Ханбогд-Ханги чиглэлийн хатуу хучилттай авто зам төслийг эрчимжүүлэх талаар, Монгол Улсын Ерөнхийлөгчийн Бүгд Найрамдах Азербайжан Улсад хийсэн ажлын айлчлалын дүнгийн талаар хэлэлцэхээр төлөвлөсөн байна.

Холбоотой мэдээ