Сэлэнгэ аймаг аялал жуулчлалын мэдээллийн цэгтэй боллоо

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
otgontsetseg@montsame.mn
2018-10-31 15:00:48

Сэлэнгэ/МОНЦАМЭ/. Сэлэнгэ аймаг үдэлт, угталтын гол хаалга болох Сүхбаатар самбарын орчимд  аялал жуулчлалын мэдээллийн цэг байрлуулах улирлын чанартай байр ашиглалтад орууллаа.

Нээлтийн үйл ажиллагаа энэ сарын 30-ны өдөр болсон бөгөөд эл үйл ажиллагаанд аймгийн ЗДТГ-ын дарга Ө.Сувдаа, ГОУХАН-ийн ЭТИС хөтөлбөрийн захирал Карин Райнпрехт, хөтөлбөрийн ажилтан Ч.Оюун-Эрдэнэ, аймгийн ҮЭХ-ны дарга Ж.Саранцэцэг болон иргэний нийгэм, жижиг дунд үйлвэрлэгчдийн холбооны удирдлагууд, төлөөлөл оролцлоо. Уг мэдээллийн цэг нь аймгийн Засаг даргын санаачлагаар ЭТИС хөтөлбөр болон аймгийн Засаг даргын хамтарсан хөрөнгөөр баригдсан байна. Аялал жуулчлалын цэгээр дамжуулан гуравдугаар сараас 11 дүгээр сар хүртэлх хугацаанд дотоод гадаадын аялагч амрагчдад аймгийнхаа тухай, амралтын газруудын талаар мэдээлэл өгөх аж. Мөн Сэлэнгэ аймгийн брэнд бүтээгдэхүүнийг танилцуулан худалдаалах зорилгоор энэхүү цэгийг байгуулжээ. Сэлэнгэ аймаг нь аялал жуулчлал хөгжих бүх талын боломжтой төдийгүй түүхэн дурсгалт, байгалийн үзэсгэлэнт газар нутаг олонтой, дэд бүтэц холбоо харилцаа бүрэн хөгжсөн зэргээрээ давуу талтай аймаг. Иймээс зорин ирсэн хэн бүхэн энэ цэгээс Сэлэнгэ аймгийн тухай мэдээллийг бүрэн авах боломжтой болжээ. Тухайлбал тус аймгийн тухай танилцуулга мэдээлэл, зурагт хуудас, маршрутыг энд байршуулсан байна. 

Холбоотой мэдээ