Галт зэвсгийн тооллого явагдаж байна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | УВС
Увс /МОНЦАМЭ/. Галт зэвсгээр гэмт хэрэг үйлдэхээс урьдчилан сэргийлэх, таслан зогсоох, галт зэвсэг, сумны хууль бус наймааг таслан зогсоох, нуугдмал, бүртгэлд хамрагдаагүй галт зэвсгийг бүртгэн авч гэрчилгээжүүлэх зорилгоор аймгийн Цагдаагийн газраас “Зэвсэг-2018” нэгдсэн арга хэмжээг зохион байгуулж байна.
Ирэх сарын 10 хүртэл үргэлжлэх уг арга хэмжээний хүрээнд иргэд, аж ахуйн нэгж байгууллагуудыг галт зэвсгийн бүртгэл, тооллогодоо идэвхтэй хамрагдахыг аймгийн Цагдаагийн газраас уриаллаа.
Увс аймгийн хэмжээнд 1667
галт зэвсэг бүртгэлтэй байдаг аж.
“Зөрчлийн тухай хуулийн 5.6-р зүйлийн 5 дахь хэсэгт галт
зэвсэг бүртгүүлэх, хадгалах, ашиглах, эзэмших, худалдан авах тухай тодорхой
заасан журам байдаг. Энэ журмыг зөрчсөн хүнийг 40 нэгжтэй тэнцэх хэмжээний
төгрөгөөр, хуулийн этгээдийг 400 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр
торгох заалт бий. Иймд иргэд энэ төрлийн зөрчил гаргахгүй байж,
хуулийн дагуу өөрт байгаа галт зэвсгийг бүртгүүлэх ажилд идэвхтэй хамрагдах
хэрэгтэй байна” хэмээн аймгийн Цагдаагийн газрын ажилтан Н.Оюунболд хэллээ.