АНУ-д санал хураах сүүлийн байрууд хаагдлаа

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
Jargal.d@montsame.mn
2018-11-07 14:36:48
НЬЮ-ЙОРК. /ТАСС/. АНУ-ын завсрын сонгуулийн санал хураалт дуусч байна. Санал хураах хамгийн сүүлийн байрууд тус улсын Баруун эрэг болон Хавай муж улсад хаагдлаа.

Үүнээс гадна, Айдахо, Хойд Дакота, мөн Калифорни, Орегона болон Вашингтон муж улсад санал хураах хугацаа дууссан байна. Мягмар гарагт санал хураах эхний байр Вермонт муж улсад орон нутгийн цагаар 05:00 цагт нээгджээ. Мягмар гарагт АНУ-ын Конгрессын болон орон нутгийн сонгуулиар Сенатын танхимын 100 гишүүний 35-ыг нь, Төлөөлөгчдийн танхимын бүх 435 гишүүнийг, 39 муж улсын амбан захирагчийг, мөн муж улсуудын хууль тогтоох хурлын 6073 гишүүнийг, шүүгчид болон сургуулиудын тойргийн зөвлөлийн гишүүдийг сонгож байгаа юм.

АНУ-д дээрх сонгуулийг тэгш жилийн 11 дүгээр сарын эхний мягмар гарагт явуулдаг байна. Өндөр жил уг сонгууль ерөнхийлөгчийн сонгуультай давхацдаг бөгөөд бүх нийтийн гэж нэрлэдэг бол өндөр бус жил ерөнхийлөгчийн бүрэн эрхийн хугацаа дундаа орсон үед болдог учир завсрын гэж нэрлэдэг ажээ.

Америкийн олон нийтийн хэвлэл мэдээллийн хэрэгслүүдийн урьдчилан таамаглаж буйгаар, завсрын сонгуулийн дүнд Ардчилсан намынхан Конгрессын Төлөөлөгчдийн танхимд олонхийн суудлыг эзэлж байгаа бол бүгд найрамдахчууд Сенатын танхимд олонхийн суудлаа хадгалж, хяналтаа бэхжүүлж байна. Санал хураалтын урьдчилсан дүнгийн талаар АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп мэдэгдэл хийхдээ, “гайхалтай амжилттай болсон” гэжээ.


Холбоотой мэдээ