Антибиотикийг зохистой хэрэглэхийг ДЭМБ дахин анхаарууллаа

ДЭЛХИЙН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНД
Jargal.d@montsame.mn
2018-11-13 17:50:25
ЖЕНЕВ. /TASS/. Өвчин үүсгэгч нянгийн эсэргүүцэх чанарыг нэмэгдүүлэхэд хүргэдэг антибиотикийн хэт их хэрэглээнд Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын /ДЭМБ/ мэргэжилтнүүд санаа зовинож буйгаа дахин илэрхийллээ.

Швейцарийн Женев хотод даваа гарагт нийтэлсэн тус байгууллагын тайланд дурдсанаар, хүн амын хэрэглэж буй антибиотикийн тунгийн хэмжээ улс орнуудад эрс ялгаатай байна. “Антибиотикийн хэрэглээ ийм их ялгаатай байгаа нь зарим оронд хэт их хэрэглэж байгааг харин бусад оронд энэ эм хэрэгсэл хангалттай хүрэлцдэггүй байх магадлалтайг харуулж байна” гэж ДЭМБ-ын мэргэжилтнүүд онцлон тэмдэглэжээ.

Эм хэрэгсэлд тэсвэртэй нянгууд нь “хүний эрүүл мэндэд ноцтой аюул учруулж, хэд хэдэн халдварт өвчнийг эмчлэх боломжид сөргөөр нөлөөлж байгаа бөгөөд үүний улмаас “тоо нь өсөн нэмэгдэж байгаа халдвартай тэмцэх ажил дэлхийн олон улс оронд үр дүн багатай болж байгаа болохыг” тайланг гаргагчид сануулсан байна.

ДЭМБ-ын тайланд дэлхийн 65 орны антибиотикийн хэрэглээний талаарх мэдээллийг оруулжээ. Бүс нутгийн хоорондох төдийгүй нэг бүс нутгийн улс хоорондын ялгаа маш их ажиглагдсан байна. Тухайлбал, Бурунди улсад 1000 хүнд өдөрт дунджаар 4.4 тун ногдож байгаа бол Буркина-Фасод 13.78, Танзанид 27.29 тун антибиотик хэрэглэдэг аж. Европын орнуудын хувьд энэ үзүүлэлт дунджаар 1000 хүнд 17.9 тун байгаа боловч хэрэглээний ихээхэн ялгаа ажиглагджээ. Тухайлбал, Грект 1000 хүнд өдөрт 33.85 тун ногдож байгаа бол Орост 14.82 тун байгаа аж. Дэлхийн 65 орноос антибиотикийн хэт их хэрэглээгээр Монгол Улс нэгдүгээрт бичигдсэн байна. Тус улсад 1000 хүнд ногдох тунгийн хэмжээ Бурунди улсынхаас 16 дахин их буюу 64.41 байна. Түүнчлэн Иран /38.78 тун/ болон Судан /35.29/ улсад антибиотикийг их хэмжээгээр хэрэглэж байна.
Холбоотой мэдээ