Сургалтад оролцсон оюутнуудаас гурав нь л нүүр номгүй байжээ

Орон нутагт | Завхан
myagmarsuren@montsame.mn
2018-11-14 10:38:23

Завхан/МОНЦАМЭ/.Завханы Политехникийн коллежийн оюутнууд Цахим орчинг зөв болгоё” аянд нэгдэж цахим орчинд элдэв гүтгэлэг, хараалын үгс бичихгүй, мөн кирилл монголоор бичихийг үе тэнгийнхэндээ уриалжээ.

Аяны хүрээнд тус сургуулийн оюутнуудад аймгийн Цагдаагийн газраас Монгол Улсын Эрүүгийн хууль, Зөрчлийн тухай хууль болон “Цахим орчны зохистой хэрэглээ” сэдвүүдийн хүрээнд сургалт зохион байгуулж, цахим төрлийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх талаар бэлтгэсэн видео шторкууд үзүүлж, санамж зөвлөмж тарааж өгчээ. Энэхүү сургалтад 120 гаруй оюутан хамрагдаж сургалтын үеэр нүүр номынхоо эзэнгүй, хуурамч нэр хаягтай болон гадаад нэртэй найзуудаа устгах, цахим гэмт хэргээс өөрийгөө хэрхэн сэргийлэх талаарх зөвлөгөө авч дадлага ажил хийжээ. Сургалтад оролцогч оюутнуудаас судалгаа авахад 120 оролцогчоос ердөө гурав нь нүүр ном нээгээгүй, хоёр янзын нэрээр нүүр ном нээсэн 30 гаруй оюутан байжээ. Тиймээс нүүр номоо хэрхэн яаж аюулгүй хөтлөх, цахим орчинд үе тэнгийнхэндээ буруу үлгэр дуурайл үзүүлэхүйц хараалын үг хэлэхгүй, бусдын нөлөөнд автахгүй байх зэргийн эерэг мэдээллийн давалгаа өрнүүлэхийг энэ үеэр уриалжээ.

Дашрамд  аймгийн цагдаагийн газар “цахим орчинг зөв болгоё” аяны хүрээнд Улиастай сумын ерөнхий боловсролын гурван сургуулийн 260 гаруй суралцагч, коллеж, дээд сургуулийн 310 оюутнуудад сургалт нөлөөллийн ажлыг хийжээ.


Холбоотой мэдээ