"Бүтээлч Баянхонгорчууд" уралдааны шилдгүүд тодорлоо

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯНХОНГОР
munkhzul@montsame.mn
2018-11-14 12:28:10

Баянхонгор /МОНЦАМЭ/. Орон нутгийн онцлогтой төрөл бүрийн материал ашиглахын зэрэгцээ донж маягийг нь тааруулан урласан, дэлхийн зах зээлд борлуулахуйц брэнд бүтээгдэхүүнийг бий болгох зорилгоор зохион байгуулсан гар урлалын шилдэг бүтээгдэхүүн шалгаруулах уралдааны шилдгүүдийг тодрууллаа.

Тус уралдааныг Германы Олон Улсын Хамтын Ажиллагааны Нийгэмлэгийн (GIZ) Эрдэс баялаг, түүхий эдийн иж бүрэн санаачлага хөтөлбөр, Баянхонгор аймгийн Засаг даргын дэргэдэх Гадаад харилцаа, аялал жуулчлалын алба хамтран зохион байгуулсан юм.

Уралдааны шилдгийг арьс болон эсгий, мод, чулуугаар дангаар болон бусад материалаар хослуулсан бүтээсэн бүтээл гэсэн гурван төрлөөр шалгаруулжээ. Нийт 27 оролцогч 90 гаруй бүтээлээ ирүүлснээс төрөл тус бүрт 1-3 байрыг эзлүүлсэн байна. Эсгий урлалын төрөлд "Хонгорын сор" хоршооны Ц.Надмид "Даллаганы уут", Мод болон чулуун бүтээлийн төрөлд Модон бух, Чулуун тэмээ бүтээлээрээ иргэн н.Баянмөнх нар бусдыгаа хошуучилжээ. 

Уралдаанд амжилттай оролцсон урчуудыг Эрдэс баялаг, түүхий эдийн иж бүрэн санаачлага хөтөлбөрөөс тус тус нэг сая, 700 мянга, 500 мянган төгрөгөөр урамшуулах болзол тавьсан бөгөөд оролцогчдын хүсэлтээр тухайн мөнгөөр багаж, тоног төхөөрөмжтэй болгосон байна. Мөн гар урлалын чиглэлээрээ сургалтанд хамрагдах эрхийн бичгээр шагнажээ.

Холбоотой мэдээ