Хүнсний ногооны хэрэгцээнийхээ тал хувийг дотоодоосоо хангаж байна

Орон нутагт | Дорнод
167@montsame.mn
2018-11-15 09:30:15

Дорнод /МОНЦАМЭ/. Дорнод аймаг хүнсний ногооны хэрэгцээнийхээ 47.8 хувийг дотоодоосоо хангаж байна. Тодруулбал, энэ онд л гэхэд хэрэгцээт хүнсний ногооныхоо 48.7 хувь, төмсний 69.6 хувийг дотоодоосоо хангажээ.

Монгол Улсын Засгийн газраас баталсан “Хүнсний ногоо” хөтөлбөрийн хүрээнд тус аймаг “Хүнсний ногоо” дэд хөтөлбөрийг ИТХ-аараа батлуулан хэрэгжүүлж байгаа юм. Энэ хүрээнд 14 нэр төрлийн хүнсний ногооны үрийг бүх сум, байнгын ажиллагаатай агро паркуудад олгосноор 44,4 га талбайд тариалах боломж бүрджээ. Үүний үр дүнд өмнөх оноос төмсний хангамж 38,3 хувь, хүнсний ногооны хангамж 35,5 хувиар өссөн гэж аймгийн ХХААГ-аас мэдээлэв. Дээрх өргөн хүрээтэй ажилд улсын төсвөөс 12.4 сая төгрөгийн хөрөнгө оруулалт хийсэн байна.

Дашрамд сонирхуулахад, тус аймгийн иргэд урин дулааны улиралд хүнсний шинэхэн ногоогоор тасардаггүй ч өвөлдөө урд хөршөөс зарим төрлийн нарийн ногоог байнга зөөснөөр 7.2 тэрбум төгрөг гадагш нь урсгадаг гэсэн статистик үзүүлэлт бий. Түүнчлэн “ДБЭХС” ТӨХК нь өвлийн ид ачааллын үед нийт үйлдвэрлэсэн дулааныхаа 60-аад хувийг ашиглаж, үлдсэнийг нь агаарт хөргөдөг. Тэгвэл энэхүү ашиглагдахгүй байгаа дулааны ердөө хоёр хувийг өвлийн хүлэмжид зарцуулахаар зорьж, эхнээсээ ажил болгон хэрэгжүүлж эхлээд байгаа юм.


Холбоотой мэдээ