Номын санчид тоглолтынхоо орлогыг сумдын номын санд шинэ ном авахад зарцуулж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СҮХБААТАР
odonchimeg@montsame.mn
2018-11-17 15:32:28

Сүхбаатар /МОНЦАМЭ/. Монгол Улсын СГЗ, яруу найрагч Г.Мэнд-Ооёогийн нэрэмжит нийтийн номын сангийн хамт олон аймгийнхаа 13 суманд аялан тоглолт хийхээр замдаа гарчээ.

Тэд нутгийнхаа зохиолч, яруу найрагчдыг сурталчлахын зэрэгцээ ард иргэдэд оюуны хөрөнгө оруулалт хийхээр зорьж буй тэд тоглолтынхоо орлогыг тухайн сумын номын санд шинэ номын баяжилт хийхэд зарцуулж байна.

Энэхүү арга хэмжээ нь нийтийн номын сангаас хэрэгжүүлж буй “Өвөг дээдсээс авснаа, хойч үедээ уламжилъя” төслийн хүрээнд хийгдэж буй юм. Аймгийн төвийн болон сумдын номын санчдаас бүрдсэн тоглолтын багийнхан нутгийнхаа яруу найрагч, зохиолчдын шүлэг зохиолыг уншиж танилцуулахаас гадна тэдний дууны уран бүтээлээс ч мөн толилуулж байна.


Анх удаа зохион байгуулагдаж байгаа номын санчдын аялан тоглолтыг иргэд маш талархалтайгаар хүлээн авч байгаа гэнэ. Тухайлбал: Сүхбаатар сумын номын санд нэг сая төгрөгийн, Асгат сумын номын санд 500 мянган төгрөгийн шинэ ном авахаар болжээ. Харин номын санчид нутгийн иргэдийн санал хүсэлтэд тулгуурлан нэн шаардлагатай байгаа ном зохиолыг худалдан авах юм байна.  

Холбоотой мэдээ