Сэтгүүлчид Дархан-Уул аймгийн бичил уурхай, алтны нийлүүлэлтийн үйл явцтай танилцлаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДАРХАН-УУЛ
174@montsame.mn
2018-11-19 11:20:08

Дархан-Уул /МОНЦАМЭ/. Швейцарийн хөгжлийн агентлагаас санаачлан бичил уурхай болон алтны нийлүүлэлтийн талаар сэтгүүлчдийг хамруулсан олон талт сургалт, аяллыг үе шаттай явуулдаг уламжлалтай аж.

2018 оны тухайд шинээр ашиглалтад орсон алтны сорьц тогтоох, худалдан авах нэг цэгийн үйлчилгээг сэтгүүлчдэд танилцуулах аяллыг зохион байгуулжээ. “Хариуцлагатай бичил уурхай, алтны нийлүүлэлтийн сүлжээ” сэдэвт аялалд нийтдээ 30 орчим сэтгүүлч хамрагдсан байна. 

Тус аяллын гол зорилго нь Бичил уурхайн сайн жишээг олон нийтэд таниулах, бичил уурхайгаар олборлосон алтны худалдааны төвлөрлийг бууруулах, алтны гарал үүсэл, ил тод байдлыг нэмэгдүүлэхэд болон Дархан-Уул аймагт байгуулагдсан алтны сорьц тогтоох, худалдан авах нэг цэгийн үйлчилгээний талаар олон нийтэд зөв ойлголт өгөх явдал байв.

Улсын хэмжээнд хуулийн хүрээнд зохион байгуулалтад орсон 6500 гаруй бичил уурхайчин байдаг ажээ. Харин Дархан-Уул аймгийн Шарын гол суманд үйл ажиллагаа явуулж буй “Буянтын хөндийн Шарын гол” Төрийн бус байгууллагын 200 орчим бичил уурхайчидтай уулзалт хийн үйл ажиллагаатай нь газар дээр нь танилцахын зэрэгцээ аймгийн Стандарт хэмжилзүйн хэлтсийн харьяанд өнгөрсөн сард нээлтээ хийсэн Сорьцын хяналтын газартай танилцлаа. Дараагаар сэтгүүлчид аймгийн ЗДТГ-ын хурлын танхимд засаг даргын орлогч Т.Ганболдоор ахлуулсан холбогдох албаны төлөөллүүдтэй уулзаж аймаг орон нутгийн тухай болон уул уурхай, түүнийг даган бий болсон бичил уурхайчдын өнөөгийн байдлын талаар өөрсдийн сонирхсон асуулт тавьж удирдлагуудаас хариултаа авчээ.

Урд өмнөх жилүүдэд уул, уурхайн компаниуд болон бичил уурхайчид олборлосон алтаа нийслэл Улаанбаатар хотноо аваачиж Монголбанкинд тушаадаг байжээ.

Харин алтны сорьц тогтоох, худалдан авах төв Дархан-Уул аймагт байгуулагдсанаар холыг зорих шаардлагагүй болсон аж.

 


Холбоотой мэдээ