“Дархан брэнд” уралдааны шилдэг бүтээлүүд шалгарлаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДАРХАН-УУЛ
174@montsame.mn
2018-11-19 11:23:10

Дархан-Уул /МОНЦАМЭ/. Дархан хотын 57 жилийн ойн баярын өдрөөр аймгийн брэнд болохуйц шилдэг бүтээгдэхүүнийг шалгаруулах “Дархан брэнд” уралдаан анх зарлагдсан. Тэгвэл тус тэмцээнд ирүүлсэн бүтээлүүдээс шилдгүүдийг шалгаруулан шагнав.

Уралдаанд 15-34 насны 13 иргэн 23 бүтээлээр оролцсон бөгөөд тэд мод, эсгий, малын арьс болон түүхий эдийг ашиглажээ. Шинэлэг санаа, бүтээлч байдлаараа тэргүүн байранд Дархан сумын 14 дүгээр багийн иргэн Т.Азбаатарын Зикл брэндийн арьс модны хослол бүхий гар цүнх, хоёр дугаар байранд Дархан сумын 16 дугаар багийн иргэн А.Түвшинбаярын модон түлхүүрийн оосор, гуравдугаар байран Орхон сумын 8 дугаар сургуулийн 10 дугаар ангийн сурагч Э.Мөнх-Очирын модоор хийсэн зургийн цомог шалгарсан байна.

Эдгээр шилдэг бүтээлүүдийн эздийг мөнгөн урамшлууллаар шагнахын зэрэгцээ аймгийн брэнд болгох эхлэлийг тавьж өгч байгаагаараа давуу талтай юм. Сарын турш үргэлжилсэн энэхүү уралдаан нь залуучуудыг идэвхжүүлж уриалсан, аймаг орон нутгаас залуучуудын хөгжлийг дэмжсэн сайхан үйл ажиллагаа боллоо хэмээн уралдаанд оролцогчид ярьж байлаа.

 


Холбоотой мэдээ